УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдын зөвлөхтэй холбоотой “хов” хүргэв.
Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт Олон улсын тамхины хяналтын конвенцын хурал болсон. Энэ хуралд Эрүүл мэндийн сайдын зөвлөх оролцоод тамхины асуудлыг дэмжих байр суурийг илэрхийлсэн байна. Энэ ямар учиртай байр суурь вэ гэдгийг би хоёр хоногийн өмнөх байнгын хорооны хурлын үеэр тодруулсан. Тэгэхэд “Эрүүл мэндийн сайдын болон Засгийн газрын байр суурь биш” гэж тайлбарласан. Тэгэхээр хэний байр суурь вэ.
Женев хотод болсон олон улсын хуралд сайд нь өөрийнхөө төлөөллийг явуулахдаа тушаал шийдвэр гаргаад, зардал мөнгийг нь шийдээд явуулсан байх. Гэтэл очоод хэний байр суурийг илэрхийлчхэв гэдгийг тодруулъя. Яагаад нэг уурхайчин нөхөр эрүүл мэндийн салбарыг төлөөлөөд болчимгүй байр суурь илэрхийлэв” гэв.
Түүний асуултад Эрүүл мэндийн яамны төлөөлөл “Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцын 11 дэх их хурал Женев хотод зохион байгуулагдсан.
Энэ хуралд Ж.Чинбүрэн гишүүний орон тооны бус зөвлөх н.Энхбаяр гэдэг хүн оролцсон. Яг ямар асуудал яригдсан талаарх албан ёсны мэдээлэл бидэнд ирээгүй байна. Тэр хүний байр суурь бол Эрүүл мэндийн яамны болон Засгийн газрын байр суурь биш. Эрүүл мэндийн яам Тамхины хяналтын тухай хуулийг бүрэн дэмжиж байгаа” гэдэг тайлбар өглөө.
УИХ-ын дарга Н.Учрал “Орон тооны бус зөвлөх яамны газрын дарга нарыг цуглуулж хурал удирдана гэж юу байдаг юм. Зөвлөх нь олон улсын хуралд яам төлөөлж очдог болчихсон юм уу” хэмээн бухимдангуй асуув.
Түүнд ЭМЯ-ны төлөөлөл “Энд хоёр өөр хүний тухай яригдаж байна. Женевт болсон хуралд явсан нь УИХ-ын гишүүний орон тооны бус зөвлөх н.Энхбаяр гэдэг хүн. Харин Эрүүл мэндийн сайдын зөвлөх бол Б.Дэмбэрэл гэдэг хүн ажиллаж байгаа” хэмээн тайлбарлалаа.
Тэрбээр “Зөвлөх бол даргадаа зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, мэдээ мэдээллээр хангах л үүрэгтэй. Түүнээс биш яам удирдаж, салбар төлөөлөх эрхгүй. Хэрэв яам төлөөлөх гээд байгаа юм бол тодорхой албан тушаалын сонгон шалгаруулалтад орж, тэнцээд ажиллах ёстой” хэмээн анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!