Уншиж байна ...

АНУ-тай нэгдсэн ойлголцолд хүрснээ Украины тал зарлаж, Трампын элч Москваг зорихоор болжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Дайныг зогсоох зорилготой энхийн төлөвлөгөөний талаар АНУ-тай нэгдсэн ойлголцолд хүрснээ Украины тал өчигдөр зарлажээ.

Трампын засаг захиргааны боловсруулсан уг төлөвлөгөөний эх хувилбартай өнгөрсөн долоо хоногт Киевийн эрх баригчид танилцаж, засаж сайжруулах асуудлаар АНУ, Украины албаныхан Ням гарагт Женев хотод уулзсан юм.

Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр сошиал хуудсандаа анхны хувилбарыг “нарийвчлан сайжруулж, аль аль талын саналыг нэмж тусгасан” талаар мэдээлжээ.

Тэрбээр “Би тусгай элч Стив Виткоффт ерөнхийлөгч Путинтэй уулзахаар Москва явах даалгавар өгсөн бөгөөд зэвсэгт хүчний нарийн бичгийн дарга Дэн Дрискол үүнтэй зэрэгцэн Украины талтай уулзах болно” гэж уг мэдэгдэлдээ бичсэн байна.

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров төлөвлөгөөний анхны хувилбарыг Оросын тал дэмжиж байсан хэдий ч хэрвээ томоохон өөрчлөлт оруулсан бол нөхцөл байдал өөрөөр эргэхийг урьдчилан анхааруулжээ.

Төлөвлөгөөний шинэчилсэн хувилбарыг Кремль хүлээж аваагүй байгааг тэр баталсан байна.

Ингэхдээ Лавров дайныг дуусгах АНУ-ын хүчин чармайлтыг сулруулж буй Европын удирдагчдыг шүүмжилжээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский төлөвлөгөөний эмзэг асуудлуудыг хэлэлцэхээр Трамптай ойрын үед уулзахад бэлэн байгаагаа өчигдөр мэдэгдсэн байна. Түүний засгийн газар уг уулзалтыг энэ сард багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

“Би Америкийн тал болон ерөнхийлөгч Трамптай цаашид идэвхтэй хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. Америкаас их зүйл хамаарна. Учир нь Америкийн хүчин чадал Оросын анхаарлын төвд байгаа гол зүйл юм” гэж Зеленский мэдэгджээ.

Трамп сүүлд зөвхөн дайныг дуусгах энхийн төлөвлөгөө эцсийн шатандаа орсон тохиолдолд Зеленский, Путин нартай уулзахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Хэдийгээр АНУ, Украины талууд өөдрөг үзэл бодол илэрхийлж байгаа ч Европын холбоотнууд үүнд эргэлзсэн хэвээр байгаа.

Өчигдөр Их Британи, Франц, Герман тэргүүтэй Европын орнуудын удирдагчид Украины энхийн төлөвлөгөөний асуудлаар АНУ-ын төрийн нарийн бичгийн даргатай виртуал уулзалт зохион байгуулжээ.

Энэ үеэр яригдсан гол сэдэв нь дайныг зогсоосон тохиолдолд Украины цаашдын аюулгүй байдлын баталгааг хэрхэн хангах асуудал байсан байна.

Европ, Америкт ийнхүү дипломат яриа хэлэлцээ явагдаж байх зуур Орос, Украины талууд харилцан нэг нэгнийхээ эсрэг агаарын довтолгоог үргэлжлүүлжээ.

Даваагаас Мягмар гарагт шилжих шөнө Оросын тал 22 пуужин, 460 гаруй дроноор Украины нутаг дэвсгэрт халдах үеэр 14 хүний амь үрэгдсэн байна.

Тэгвэл ОХУ-ын батлан хамгаалах яам өөрийн нутаг дэвсгэрт нэвтэрсэн Украины 249 дроныг устгаснаа өчигдөр мэдээлжээ. Энэ халдлагын үеэр Ростов мужийн нутаг дэвсгэрт гурван хүний амь үрэгдсэн байна.

 

Эх сурвалж: BBC