Мэргэжлийн сүмогийн Ёкозүнагийн зөвлөл тэмцээн өндөрлөсний маргааш нь хуралддаг уламжлалтай.
Тэд хоёр ёкозүнаг тэмцээний сүүлийн өдөр хүртэл түрүүлэхийн төлөө өрсөлдсөнд бахархаж байгаагаа илэрхийлсэн байна. Тус зөвлөлийн тэргүүн Морисато Ошима хорооны гишүүдийн хэлэлцсэн асуудлын талаар хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа "Эцсээ хүртэл түрүүлэхийн төлөө тэмцэлдсэнд сэтгэл өндөр байгаа. Цаашид ч энэ хэвээр үргэлжилнэ гэж найдаж байна. Оносато гэмтлээ бүрэн эдгээж, Хоошёорюүг бэлтгэлээ улам чамбай хийж, энэ хэвээр илүү хүчтэй өрсөлдөөн үзүүлэх болов уу" гэв.
Мөн озеки цолд хүрэх нь тодорхой болоод буй Аонишикигийн талаар "Түүний зориг, зүтгэл нь сайшаалтай. Эх орных нь өнөөгийн байдлыг харгалзаж үзвэл сэтгэлд нь олон юм бодогдож байсан байх. Гэхдээ тэр аваргын цом хүртэж чадсан" гэсэн юм.
Хэдийгээр барилдааны амжилт нь асуудал дагуулаагүй ч ёкозүна Хоошёорюүг дэвжээн дээр гаргаж буй авираа засахыг сануулав. Тэмцээний 12 дахь өдөр С.Бямбасүрэн учраа таарсан Такаясүг даме-оши буюу барилдаан шийдэгдсэний дараа шаардлагагүй түлхсэн нь олны хэл ам дагуулсан билээ.
Энэ талаар М.Ошима "Сүмогийн ертөнцөд хүч чадлаас гадна нэр төр их чухал. Тэр дундаа ёкозүна цолтой бөх сүмогийн нэр төрийг үргэлж бодолцох ёстой" гэсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!