Өнгөрсөн есдүгээр сараас эхэлж Азийн 12 орны уран бүтээлчид өрсөлдсөн "Silk Way Star" шоуны ялагчаар Монголын дуучин Ж.Мишээл тодорсон билээ.
Тэмцээний шүүгчдээс хамгийн өндөр оноо аваад зогсохгүй 500,000 гаруй хүн оролцсон цахим санал асуулгаар Ж.Мишээл тэргүүлсэн юм. Казахстаны Jibek Joly TV-гээс зохион байгуулсан тус тэмцээнд оролцогчдыг өчигдөр тус улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Эрлан Карин хүлээн авчээ.
Улмаар тэмцээний ялагч Ж.Мишээлийг найрамдлын II одонгоор шагнасан бол бусад оролцогчдод Ерөнхийлөгч Касым Жомарт Токаевийн нэрээр талархлын захидал гардуулжээ.
Энэ үеэр Э.Карин "Silk Way Star" шоуны талаар "Бүс нутгийн улс орнуудын нөхөрлөлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан" гэж үнэлсэн байна.
Сонирхуулахад Ж.Мишээл шоуныхаа дараа сэтгүүлчидтэй уулзах үеэр казах хэл дээр дуу гаргахаар төлөвлөж байгаагаа ярьсан юм. Тэрбээр "Казах хэл дээр дуу гаргахаар төлөвлөж байгаа. Энэ ард түмний соёл, хэл нь надад онцгой санагддаг. Тийм учраас казах хэлтэй иргэдэд зориулж уран бүтээл туурвих ажилдаа орсон" гэсэн байна.
Эх сурвалж: Silk Way Star
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!