Уншиж байна ...

Ф.Андраде: Б.Энх-Оргил бол хүчтэй өрсөлдөгч. Аваргын төлөө тулалдах эрхтэй тамирчин

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 11 сарын 24
IKON.MN
Зураг зураг

"One" холбооны аваргын бүсийг эзэмшиж буй Бразилын Фабрико Андраде бүсээ хамгаалах тулаанаа ирэх арванхоёрдугаар сарын 5-нд Тайландын Бангкок хотноо "One Fight Night 38"-ын хүрээнд хийнэ. Түүний өрсөлдөгч нь Монголын Баатархүүгийн Энх-Оргил билээ.

 Б.Энх-Оргил нь ОХУ-ын тулаанч Артём Белахд ялагдсаныхаа дараа Карло Бумина-Ан, Аарон Канарт, Жэрэми Пакатау нарыг дараалан буулган авсан юм.

Тэгвэл бразил тулаанч ирэх сард болох тулааныхаа талаар "Bangkok Post" сонины сэтгүүлч Ник Эткиний подкаст ярилцлага өгсөн байна.

Тэрбээр "Тэр бол сайн тулаанч. Артем Белахд ялагдсаныхаа дараа гурав дараалан чадварлаг ялалт байгуулсан. Тиймээс тэр аваргын бүсийн төлөө тулалдах эрхтэй тамирчин. Миний хувьд аваргын бүсээ хамгаалахыг хүсэж байна. Миний өрсөлдөгч хэн байх нь чухал биш. Би хэн нэгэнтэй тулалдахаар товлогдсон бол түүнийг дуусгахыг хичээдэг. Цаашид жил бүр гурван тулаан хийхээр төлөвлөж байгаа. Үүний тулд өрсөлдөгч олон байх хэрэгтэй байна" гэж ярьжээ.

Бразил эр өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд БНСУ-ын Вон Илийг ердөө 42 секундэд буулган авч, аваргын бүсээ хамгаалсан юм. 

 

Эх сурвалж: Sportskeeda