Энэтхэгийн цагдаа нар төв банкны албан тушаалтнуудын дүрээр 70 сая рупи ($800,000) дээрэмдсэн зэвсэгт этгээдүүдийн гурвыг баривчилж, хулгайлагдсан мөнгөний ихэнх хэсгийг олж авснаа өчигдөр мэдээлжээ.
Үүнээс гурав хоногийн өмнө тус улсын өмнөд бүсийн Бенгалуру хотод өөрсдийгөө төв банкны албан хаагчид гэж танилцуулсан хэсэг этгээд АТМ машины бэлэн мөнгө тээвэрлэж явсан банкны автомашиныг зогсоосон байна.
Тэд ийм их хэмжээний мөнгөний баримтыг заавал шалгах ёстой гэсэн үндэслэлээр машиныг саатуулжээ. Ингээд тэд банкны ажилчдыг буулгасны дараа мөнгөтэй автомашиныг авч зугтаасан юм байна.
Бенгалуру хотын цагдаагийн албаныхан тэдний гурвыг нь баривчилж, 57.6 сая рупийг олж авснаа Бямба гарагт мэдээлжээ.
“Бид үлдсэн мөнгийг олж авахаар ажиллаж байгаа. Дахин хоёроос гурван хүнийг эрэн сурвалжилж байна” гэж цагдаагийн комиссар Симант Кумар Сингх сэтгүүлчдэд мэдээлсэн юм.
Баривчлагдсан хүмүүс нь бэлэн мөнгө тээвэрлэлтийн CMS компанийн ажилтан Гопал Прасад, тус компанийн ажилтан асан Жэй Хавьер, орон нутгийн цагдаагийн албан хаагч Аннаппа Найк нар байжээ.
Дээрэм Бенгалуру хотын Лалбаг дүүрэгт өдрийн цагаар болсон юм.
Дээрэмчид хулгайлсан автомашинаа камерын хяналт багатай гудамжинд хүргэсний дараа хуурамч дугаартай өөр автомашинд мөнгийг шилжүүлэн ачсаныг цагдаа нар мэдээлжээ.
Лхагва гарагт Карнатака муж болон хөрш Керала, Тамил Наду, Телангана, Андра Прадеш, Гоа мужуудыг хамарсан томоохон эрлийн ажиллагаа эхэлж, 200 гаруй цагдаагийн албан хаагч оролцсон юм.
CMS компанийн ажилтнууд бэлэн мөнгө тээвэрлэхэд мөрддөг журмыг зөрчсөн эсэхийг цагдаа нар давхар шалгаж эхэлжээ.
“Мөнгө тээвэрлэгч автомашинууд урьдчилан таамаглах боломжгүй байхын тулд зорчих зам, цаг хугацаагаа давтах ёсгүй байдаг” гэж Сингх тайлбарласан байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!