Африк тивийн Нигери улсын төв бүсийн Католик сургуулиас зэвсэгт этгээдүүдэд хулгайлагдсан хүүхдүүд, ажилтнуудын тоо 315 хүрснийг өчигдөр тус улсын эрх баригчид мэдээлжээ.
Тэдний 303 нь сурагчид, 12 нь багш нар юм байна.
Баасан гарагийн шөнө орон нутгийн цагаар 2:00 цагийн орчимд зэвсэгт этгээдүүд сургууль руу дайрчээ. Эхлээд хулгайлагдсан хүүхдүүдийн тоог 215 гэж мэдээлж байсан бол өчигдөр ийнхүү өссөн байна.
Энэ нь тус сургуулийн нийт сурагчдын тал орчим гэсэн үг. Тэдний дунд хамгийн бага нь зургаан настай хүүхдүүд хүртэл байгааг гэрчүүд мэдээлж байна.
Энэ бол Нигери улсын орчин үеийн түүхэнд гарсан хамгийн том хүн барьцаалах хэргүүдийн нэг байж болзошгүй юм.
2014 онд тус улсын Чибок хотын нэг сургуулиас 276 хүүхдийг хулгайлсан нь дэлхий дахины анхаарлыг татаж байв.
Нигерийн аюулаас хамгаалах албаныхан ширэнгэ ойг самнах ажиллагаа явуулж байгаагаа мэдээлжээ.
Эрх баригчид тагнуулын байгууллага эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан сургуулийн дотуур байруудыг хаах чиглэл өгснийг “үл тоомсорлосон” орон нутгийн албан тушаалтнуудыг буруутгаж байна.
Нигери улсын олон бүс нутагт зэвсэгт бүлэглэлүүд хүмүүсийг олноор хулгайлан барьцаалж, мөнгө нэхдэг нь нийгмийн томоохон асуудал болоод байгаа.
Хариуд нь эрх баригчид зэвсэгт бүлэглэлүүдэд барьцааны мөнгө төлөхийг хориглосон ч үр дүн муутай байна.
Энэ долоо хоногт Нигери даяар хүн хулгайлах гурван хэрэг гарчээ.
Даваа гарагт Кебби мужийн нэг сургуулийн дотуур байрнаас 20 гаруй сурагч охидыг хулгайлсан юм. Хулгайлагдсан хүүхдүүд муслим байжээ.
Дараа нь өмнөд бүсийн Квара мужийн нэг Христийн сүмд зэвсэгт этгээдүүд халдах үеэр хоёр хүн алагдаж, 38 хүн хулгайлагдсан байна.
Нигерийн ерөнхийлөгч Бола Тинубу эдгээр асуудлуудын улмаас Өмнөд Африкт болох Их 20-ын чуулганд оролцох төлөвлөгөөгөө цуцалсан юм.
Тэрбээр 40 гаруй холбооны коллеж, орон нутгийн зарим ерөнхий боловсролын сургуулиудыг түр хугацаагаар хаах шийдвэр гаргаад байна.
Энэ сарын эхээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын эрх баригчдад Христийн шашинтнуудын эсрэг аллага хядлагыг зогсоохгүй бол өөрөө цэрэг илгээж, арга хэмжээ авахаар сүрдүүлж байв.
Харин Нигерийн эрх баригчид зөвхөн Христийн шашинтнууд аллагын золиос болж буйг няцааж, алан хядагчдын халдлагад Христ, Ислам болон бусад бүх шашны төлөөлөгчид өртөж буйг мэдэгдсэн юм.
Нигерийн зүүн хойд нутгийг салан тусгаарлах зорилготой жихадистуудын тэмцэл арав гаруй жил үргэлжилж байгаа.
Тэдний аллага, хүчирхийллийн хохирогчид голдуу тус бүс нутгийн муслим хүн ам болдгийг хүний эрхийн байгууллагууд баталдаг.
Африк тивийн хамгийн олон хүн амтай улс болох Нигери даяар гарч буй гэмт хэргүүдийн гол шалтгаан шашин биш, газар, ус зэрэг баялгийн төлөө тэмцэл байдаг гэж ажиглагчид үзэж байна.
2014 онд Чибок хэмээх жижиг хотын сургуулиас Боко Харам исламын зэвсэгт бүлэглэл 276 эмэгтэй сурагчийг хулгайлсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаж, тухайн үеийн АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамаг оролцоход хүргэж байлаа.
Хулгайлагдсан охидын ихэнх нь чөлөөлөгдсөн ч 100 орчим хүүхэд одоо болтол сураггүй байгаа юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!