Уншиж байна ...

Украин болон түүний холбоотнууд өнөөдөр АНУ-ын төлөвлөгөөг хэлэлцэхээр Женевт уулзана

Т.Давааням, ikon.mn
2025 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Украины дайныг дуусгах 28 зүйлтэй төлөвлөгөөг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп санаачилснаа Киевийн эрх баригчдад тулган шаардаж, хүлээн зөвшөөрөх долоо хоногийн хугацаа өгөөд байна.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нэг бол улс үндэстнийхээ нэр төр, эрх чөлөөг алдах, эсвэл АНУ-ын дэмжлэгийг алдах хүнд хэцүү сонголтын өмнө ирээд байгаагаа Баасан гарагт мэдэгдсэн.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин уг төлөвлөгөөтэй танилцаад дайныг дуусгах үйл явцын “үндэс суурь” болж магадгүй гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм.

Дан нэг талын буюу Оросын талын шаардлагад нийцүүлсэн гэгдэж буй энэ төлөвлөгөө Украины бусад холбоотнуудын санааг ихээр зовоож байна.

Өмнөд Африкт зохион байгуулагдаж буй Их 20-ын чуулганд оролцож буй Канад, Франц, Финланд, Ирланд, Итали, Япон, Нидерланд, Испани, Их Британи, Герман, Норвегийн удирдагчид болон Европын Холбооны хоёр өндөр албан тушаалтан өчигдөр буюу Бямба гарагт хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Тэд мэдэгдэлдээ “Бид энэ төсөл дээр нэмж ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Бид ирээдүйд тогтвортой энх тайвныг тогтоох үйл явцад оролцоход бэлэн байна. Бид хил хязгаарыг хүчээр өөрчлөх ёсгүй гэсэн зарчмыг тууштай баримтлах болно. Украины зэвсэгт хүчний хэмжээг хязгаарлаж, ирээдүйн халдлагад Украиныг өртөмтгий болгох санал бидний санааг зовоож байна. Уг төслийн Европын Холбоо болон НАТО-той холбоотой хэсгүүдийг хэрэгжүүлэхийн тулд Европын Холбоо болон НАТО-гийн гишүүдийн тус тусын зөвшөөрөл шаардлагатай” гэж бичсэн байна.

Мэдэгдлийн дараа өнөөдөр буюу Ням гарагт Украин, Их Британи, Франц, Герман, АНУ-ын төлөөлөгчид Швейцарын Женев хотод уулзаж, төлөвлөгөөг хэлэлцэхээр болжээ.

АНУ-ын талаас уг уулзалтад төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Украины асуудал хариуцсан тусгай элч Стив Виткофф нар оролцохоор болсон байна.

Бямба гарагт сэтгүүлчид Трампаас түүний төлөвлөгөө Украинд өгөх эцсийн санал мөн эсэхийг асуухад “Үгүй, миний эцсийн санал биш. Ямар нэг аргаар энэ дайныг дуусгах ёстой тул бид үүн дээр үргэлжлүүлэн ажиллаж байна” гэж хариулжээ.

Трампын 28 зүйлт төлөвлөгөөнд Украины цэргүүдийг Донбасын бүс нутгаас гаргах буюу Донецк, Луганск мужуудыг бүхэлд нь Оросын талд шилжүүлэх нөхцөл тусгагдсан байна. Одоогоор Оросын цэрэг дорнод Украины эдгээр мужуудыг хэсэгчлэн хянаж байгаа юм.

Бас Украины өмнөд Херсон, Запорожье мужуудад одоогийн фронтын шугамын дагуу хил тогтоох, Украины зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний дээд хязгаарыг 600,000 цэргээр хязгаарлах нөхцөл багтжээ.

Үүнийхээ хариуд Украин улс “аюулгүй байдлын найдвартай баталгаа” авах тухай бичсэн ч энэ талаар тодорхой дэлгэрүүлээгүй байна.

Мөн Орос улс дахин хөрш улс орнууддаа халдахгүй байх, НАТО гишүүнчлэлээ нэмж өргөжүүлэхгүй байх нөхцөлүүдийг дурджээ.

Үүний хариуд Орос улс хориг арга хэмжээнүүдээс чөлөөлөгдөх замаар дэлхийн эдийн засагт дахин нэгдэх, Орос улсыг Их Долоогийн бүлэгт урьж, Их Наймын форматтай болгох санал багтсан байна.

Ажиглагчид Трампын төлөвлөгөөг Оросын “хүслийн жагсаалт” хэмээн шүүмжилж байгаа.

Уг төлөвлөгөөг боловсруулахад Украиныг оролцуулаагүй, Украины эрх ашгийг тусгаагүй нь ингэж нэрлэхэд хүргэж байгаа юм.

Хэрвээ ирэх Пүрэв гарагаас өмнө төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхгүй бол АНУ тусламжаа зогсоож, Украин эзлэн түрэмгийллийн эсрэг дайнаа маш хүнд нөхцөлд үргэлжлүүлэх болоод байна.

Гэхдээ Трампын төлөвлөгөөг Оросын эрх баригчид ч дэмжих баталгаа байхгүй байгаа юм. Кремлийн эх сурвалжийн мэдээлснээр Путин уг төлөвлөгөөг ерөнхийд нь дэмжиж байгаа ч өөрийн ашиг сонирхлыг бүрэн тусгаагүй гэж үзэж байгаа сурагтай байна.

 

Эх сурвалж: BBC