Уншиж байна ...

"Гурвалжингийн гүүрний ачаалал буурсныг анзаарсан бол нэг, III, IV хорооллыг Толгойттой холбосон зам таалагдсан бол дахиад нэг лайк дараарай" гэв

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Гурвалжингийн гүүрний орчмын нийтийн эзэмшлийн зам талбайд барилгын материал, элс, хайрга ил задгай худалдаалж, олон жил зогсоол болгон ашиглаж байсныг нүүлгэж, тохижуулж буй.

НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр Гурвалжингийн гүүрний хажуу налууг эко хавтангаар хучих ажил 90 хувьтай үргэлжилж байгаа бол гүүрийг тохижуулах ажлыг ирэх хавар үргэлжлүүлнэ. Энэ хүрээнд Буудлага спортын төв орчмыг мөн тохижуулна. Цаашид нийтийн эзэмшлийн зам талбайд элс хайрга, цемент заруулахгүй гэв.

2026 онд Гурвалжингийн гүүрэн доогуур 0.6 километр авто зам барьж Баруун үйлдвэрийн гудамжтай холбох аж. Ингэснээр Эрчим хүчний гудамжнаас хотын төв рүү зорчихдоо Хөсөг трейдийн уулзвараар дайрахгүйгээр Гурвалжингийн гүүрэн доогуур эргэж, Дунд голын авто зам, Гермесийн нүхэн гарцаар Нарны зам руу орох боломжтой болох бөгөөд авто зам барих хөрөнгийг 2026 оны нийслэлийн төсөвт тусгажээ.

Одоо Гурвалжингийн гүүр орчимд нэр бүхий төв нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй контейнер, павильон барьж барилгын материал зардаг байна. Тус төвд явган хүний замыг чөлөөлөхийг даалгажээ.

Ирэх жил Алтай хотхон, Голден парк хотхоны сургууль, цэцэрлэгийг барих ажил үргэлжлэх бол Нарны хорооллын сургуулийг өргөтгөхөөр төлөвлөсөн байна.

Мэдээллийн үеэр хотын дарга Х.Нямбаатар "Эрчим хүчний гудамж буюу Станцын замыг өргөтгөснөөр Гурвалжингийн гүүрний замын ачаалал буурсныг анзаарсан бол нэг лайк, 3, 4 дүгээр хорооллыг 21 дүгээр хороолол, Содон хороололтой холбосон зам таалагдаж байгаа бол дахиад нэг лайк дараарай" гэв.