АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Майк Помпео өнгөрсөн Даваа гарагт Өмнөд Солонгосын нэг байгууллагын зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцохдоо Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах нь зөвхөн Хятадын төрийн тэргүүний хүсэл зоригоос шалтгаалах асуудал болохыг хэлжээ.
Тэрбээр ерөнхийлөгч Дональд Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан юм.
Бээжин, Пёнян хоёр “маш гүнзгий хэлхээ холбоотой”, Умард Солонгосын удирдагч Ким Жон Унд цөмийн зэвсгийн асуудлаар ярилцах “эрх мэдэл” байхгүй гэж үзэж байгаагаа Помпео илэрхийлжээ.
“Хэрвээ цөмийн зэвсгийг Умард Солонгосоос гаргахыг хүсвэл энэ нь зөвхөн Ши Жиньпиний зөвшөөрөл, зааврын дагуу хэрэгжих боломжтой. Ким даргатай энэ талаар ярилцах нь сонирхолтой ч үр дүнгүй. Үүнийг яаж хийвэл дээр болохыг надаас асуувал анхаарлаа Бээжинд төвлөрүүлж, Умард Солонгосыг стратегийн хэрэгсэл болгон ашиглахыг нь болиулахыг би зөвлөнө” гэж тэр хэлсэн байна.
Трамп эхний бүрэн эрхийнхээ хугацаанд Ким Жон Унтай гурван удаа биечлэн уулзсан бөгөөд одоо ч дахин уулзах хүслээ илэрхийлсээр байгаа.
Уулзалтуудын эхнийх нь 2018 онд Сингапурт, дараа нь Ханойд, сүүлийнх нь 2019 онд хоёр Солонгосын хилийн Панмунжом тосгонд болж байв.
Эдгээр уулзалтуудын талаар дурсахдаа Помпео “Уулзалт бүрийн өмнө болон дараа тэр Бээжинд мэдээлэл өгч байгаа нь мэдэгдэж байсан. Үнэндээ бидний ярилцаж байгаа хүн Ши Жиньпин байлаа. Тиймээс цөмийн зэвсгийн асуудал дээр Ким даргад тийм их эрх мэдэл байхгүй гэж би бодож байна. Энэ бол Кимийн асуудал төдий биш. Хятадын асуудал. Тэд хоорондоо маш гүнзгий хэлхээ холбоотой” гэж ярьжээ.
Мөн Помпео энэ үеэр Умард Солонгос цэргээ Украины эсрэг дайнд явуулсан шийдвэрийн ард Ши Жиньпин байх магадлалтайг хэлсэн байна.
“Ши Жиньпиний зөвшөөрөлгүйгээр ийм зүйл болно гэж төөрөлдөөд хэрэггүй. Надад баримт байхгүй ч ийм зүйл байх боломжгүй гэдэгт би бүрэн итгэлтэй байна” гэж тэр хэлжээ.
Хэрвээ Трамп одоо дахин уулзвал Ким хориг арга хэмжээнээс чөлөөлж өгөхийг хүсэх байх гэж таамаглаж байгаагаа Помпео илэрхийлсэн байна.
“Ким дарга эдийн засгийн хөнгөлөлт хүсэж байгаа. Түүний хүсэл бол хэвийн улс орны түвшинд ойртох юм” гэж тэр хэлжээ.
Гэхдээ Кимд үүний хариуд санал болгох зүйл байхгүй тул бараг боломжгүй гэж үзэж байна.
Ким Жон Унтай нүүр тулан уулзаж байсан хүнийхээ хувьд мэдэрсэн зүйлээ ярихдаа Помпео “Би түүнийг бүдүүлэг гэж хэлэх гээгүй. Гэхдээ тэр Солонгосын хойгийг өөрийнх гэж үздэг хүн. Тэр энэ санаагаа гүйцэлдүүлэх арга зам хайсаар байгаа. Түүний мөрөөдөл биелэхийг харах хүсэлтэй найз нөхөд Бээжинд ч бас байгаа” гэж хэлжээ.
Умард Солонгосын эсрэг ашиглах хөшүүрэг тийм олон биш ч орлогын эх үүсвэрийг нь хязгаарлах хүчин чармайлтаа улам идэвхтэй үргэлжлүүлэх ёстойг Помпео зөвлөсөн байна.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!