Даваа гарагт Япон улсын засгийн газар үйлчлүүлэгчдийн хүчирхийллээс компани, байгууллагуудыг хамгаалах зорилготой шинэчилсэн хууль 2026 оны аравдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэхээр болсныг зарлажээ.
Үйлчлүүлэгчийн зүгээс гарч болох хүчирхийлэл, түрэмгий үйлдэлд “догеза” (өмнөө сөхрүүлж, духаараа шаланд хүрэн уучлал гуйхыг шаардах), сошиал сүлжээнд сөрөг сэтгэгдэл бичихээр сүрдүүлэх зэргийг жишээ болгон дурдсан байна.
Мөн зөвшөөрөлгүйгээр үйлчилгээний ажилтны зургийг авах, шаардлагагүй асуулт дахин дахин асуух, орон зай, талбай, утасны шугамыг удаан хугацаагаар эзлэх, үйлчилгээний төлбөрийг хэт бууруулахыг шаардах зэрэг үйлдлүүдийг хүчирхийллийн хэлбэрт тооцохоор заажээ.
Үйлчлүүлэгчийн хүчирхийлэлд өртсөн ажилтан өөрийн санаачилгаар арга хэмжээ авахын оронд удирдлагатайгаа яаралтай холбогдох, халдлага, заналхийлэлд өртөх эрсдэл үүссэн тохиолдолд цагдаад хандахыг хуулиар зөвлөсөн байна.
Япон хэлэнд “касү-хара” гэж нэрлэдэг үйлчлүүлэгчдийн дарамтын улмаас ажилчид ажлаасаа гарах, өвдөх тохиолдол сүүлийн үед нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ асуудлыг зохицуулах хуулийг шинэчилжээ.
Үйлчлүүлэгчийг хаанд тооцдог Японы нийгмийн уламжлалт сэтгэлгээ ийм үзэгдэл нэмэгдэхэд нөлөөлсөн гэж зарим судлаачид үздэг.
Шинэчилсэн хууль нь компаниуд, үйлчилгээний байгууллагуудад ийм сөрөг үзэгдлээс өөрийгөө хамгаалах тодорхой дүрэм журамтай болоход дэмжлэг үзүүлж, хохирогчдод зориулсан зөвлөлдөх тогтолцоог бий болгох зорилготой юм байна.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!