Монгол Улсад Food & Beverage буюу хоол, ундааны үйлчилгээний салбар сүүлийн 30 гаруй жилд эрчимтэй өөрчлөлт шинэчлэл хийж, олон улсын хоолны соёл, үйлчилгээний жишгийг нэвтрүүлэн хөгжиж ирлээ. Үйл ажиллагааны стандарт, хэрэглэгчийн соёл, бүтээгдэхүүний чанар, брэндийн өрсөлдөөн нэмэгдэж, салбар дэлхийн түвшинд өргөжин тэлж буй энэ үед Монголын Ресторан Зоогийн Газрын Холбоо (МРЗГХ) анх удаа “Mongolian Restaurant Association Awards 2025” шалгаруулалтыг зарлаж, салбарын шилдгүүдээ тодруулах гэж байна.
Энэхүү шагнал нь Монголын F&B салбарын хөгжил, чанар, инновац, хэрэглэгчийн туршлага, үйлчилгээний соёл, олон нийтийн итгэлцэл зэрэг үзүүлэлтээр манлайлсан байгууллагуудыг алдаршуулах, сайн туршлага түгээн дэлгэрүүлэх зорилготой. Шалгаруулалт 8 үндсэн номинациар явагдана.
“Mongolian Restaurant Association Awards 2025”-ын талаар уг шалгаруулалтын зохион байгуулагч болон шүүгчдийн бүрэлдэхүүний гишүүд дараах мэдээллийг танилцууллаа.
С.Батмөнх (МРЗГХ-ны дэд ерөнхийлөгч):
“Mongolian Restaurant Association Awards 2025” шалгаруулалт нь Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй F&B буюу хоол, шингэн хүнс-холимог ундаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт олон төрлийн үйлчилгээний газар багтдаг учир бүхий л газрыг хамруулахыг зорьж 8 номинацид нэр дэвшигч байгууллагуудыг бүртгэж, оны шилдгүүдээ сонгон шалгаруулахаар бид бэлтгэл ажилдаа ороод байна.
Шалгаруулалтын материалыг 2025 оны 11-р сарын 25-ны өдөр хүртэл хүлээн авах тул F&B-ийн салбарт бизнес эрхэлж буй бүхий л байгууллагыг тус шалгуурлалтад оролцож, оны шилдэгийн номинаци бүрт өөрийн бизнесийн нэрийг дэвшүүлж оролцохыг уриалж байна.
М.Есөнмөнх (МРЗГХ-ны ерөнхийлөгч):
Энэхүү “Mongolian Restaurant Association Awards 2025” шалгаруулалт нь анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд цаашид жил бүр тогтмол болно. Уг арга хэмжээг ХХААХҮ-ын яам болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба тус тус дэмжиж ажиллахаа мэдэгдсэнд талархалтай хандаж байгаа.
Шалгаруулалтыг ил тод, шударга зохион байгуулах үүднээс Монголын Ресторан Зоогийн Газрын Холбоо нь 11-р сарын 15-ны өдөр хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаараа “Mongolian Restaurant Association Awards 2025”-ын зохион байгуулалт, журам, үнэлгээний зарчмууд болон албан ёсоор батлаад байна. Мөн шүүгч нарын бүрэлдэхүүнд МРЗГХ-ны төлөөлөл болон салбарын туршлагатай мэргэжилтэн, экспертүүд багтсан.
Шүүгчид номинаци бүрд дээд тал нь 15 байгууллагыг сонгон нэр дэвшигчээр тодруулна.
11-р сарын 28-наас эхлэн 7 хоногийн турш нэр дэвшигч байгууллагуудын талаарх олон нийтийн санал асуулга хэвлэл мэдээллийн хэрэгслээр явагдах бөгөөд уг санал асуулгын дүнг шүүгчдийн үнэлгээтэй нэгтгэн, эцсийн оноогоор салбар бүрийн оны шилдэг байгууллагыг тодруулна.
Д.Гансүх (МРЗГХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, доктор, профессор):
Монголын хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын шилдэгүүдийг тодруулах шалгаруулалт анх удаа зохиогдох гэж байгаад хувьдаа туйлын баяртай байна. Дэлхийн бусад олон улс оронд шилдэг ресторанаа шалгаруулах адил төстэй үйл ажиллагаа жил бүр тогтмол зохион байгуулдаг боловч хараахан өмнө нь Монгол улсад зохиогдож байгаагүй. Салбартаа сайн туршлагыг нэвтрүүлэн, үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээсэн шилдэг ресторан, зоогийн газрыг шалгаруулах, олон нийтэд таниулах нь тухайн бизнес, брэндийн нэр хүнд, борлуулалт өсөх, салбарын чиг хандлага, стандартыг жишиг болгон тогтоохын зэрэгцээ цаашдын хөгжилд онцгой ач холбогдолтой юм.
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт боловсон хүчин бэлтгэдэг сургалтын төв, мэргэжлийн институтүүд энэ жил шалгаруулалтын тусгай номинацид багтсан нь маш сайшаалтай. Иймд тогооч, бариста, бартендер зэрэг мэргэжлийн сургалт явуулдаг бүх байгууллагыг нэрээ дэвшүүлж, идэвхтэй оролцохыг уриалж байна.
Ч.Цэрэнбаатар (МРЗГХ-ны удирдах зөвлөлийн гишүүн):
Манай улсын хэмжээнд одоогоор 3,000 гаруй аж ахуйн нэгж ресторан, кафе, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд энэхүү салбар төрөл төрлөөрөө маш хурдтай өргөжин хөгжиж, үйлчилгээний соёл, брэндийн өрсөлдөөн, хэрэглэгчийн туршлага шинэ түвшинд гараад байгаа нь салбарын том боломж, сорилт хоёрын нэгдэл юм.
“Mongolian Restaurant Association Awards 2025” шалгаруулалт нь салбарын бүх төрлийн бизнес эрхлэгчдэд нээлттэй. Үүнд ресторан, сүлжээ ресторан, зоогийн газар, түргэн хоол, кофе шоп, кафе, лоунж, паб, диско клуб, караоке, цайны газар болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд бизнесүүд, мөн Монголд үйл ажиллагаа хэрэгжүүлж буй олон улсын франчайз ресторанууд ч оролцох боломжтой.
Номинаци бүрд тусгай ангилалтай тул салбарын төрөл тус бүр энэ жагсаалтад хамрагдан өрсөлдөх боломжийг бүрдүүлсэн.
Шалгаруулалтын гол зорилго нь байгууллагын хэмжээ, байршил, салбарын тооноос үл хамааран үйлчилгээний стандарт, хэрэглэгчийн туршлага, ая тух, чанарын менежментээрээ хамгийн шилдэгт тооцогдох байгууллагыг тодруулж, олон нийтэд таниулахад оршино.
Нэр дэвших байгууллагад тавигдах цорын ганц үндсэн шаардлага нь багадаа 1 жил болон түүнээс дээш хугацаанд тогтмол үйл ажиллагаа явуулсан байх юм.
Б.Энхбилэг (МРЗГХ-ны удирдах зөвлөлийн гишүүн):
Оны шилдэг байгууллагаар шалгарснаар бизнесүүдийн брэндийн нэр хүнд бодитоор өсөх давуу талтай. Хэрэглэгчид болон салбарын мэргэжилтнүүдийн итгэлийг хүлээж, зах зээл дээрх байр сууриа баталгаажуулах юм. ‘Шилдэг’ гэх статус нь хэрэглэгчид сонголтоо хийхдээ хамгийн хүчтэй нөлөөлдөг элементүүдийн нэг. Аливаа байгууллагын хувьд шилдэгээр шалгарсан амжилт нь өөрөө том сурталчилгаа болж, борлуулалтанд эергээр нөлөөлдөг. Шагнал нь байгууллагын дотоод соёлыг ч бэхжүүлж, ажилтнуудад үйлчилгээний чанарыг улам дээшлүүлэх сэдэл өгдөг.
Мөн “Шилдэг олон улсын франчайз ресторан/сүлжээ” номинаци нь Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх франчайз ресторануудад нээлттэй. Үйлчилгээний стандарт, менежмент, брэндийн хөтөлбөр хэрэгжилт, хэрэглэгчийн туршлагаараа манлайлж буй франчайз байгууллагууд өрсөлдөх боломжтой.
Олон улсын франчайз ресторанууд өөрсдийн давуу тал, стандарт, соёлыг Монголын зах зээлд хэр амжилттай нутагшуулж буйгаа харуулах хамгийн том боломж гэж харж байна. Иймд бүх франчайз ресторануудыг нэрээ дэвшүүлж, идэвхтэй оролцохыг урьж байна.
Г.Гомбонэрэн (Монголын бартендер, бариста холбооны тэргүүн):
Сүүлийн жилүүдэд Монголын холимог ундаа буюу коктейлийн соёл, баристагийн үйлчилгээ олон улсын түвшинд хурдтай хөгжиж байна. Мэргэжлийн бартендер, бариста нар ур чадвараараа дэлхийтэй өрсөлдөж, олон улсын тэмцээн уралдаанд Монголын нэрийн өмнөөс амжилттай оролцож буй нь салбарын чансааг дээшлүүлж байгаа томоохон үзүүлэлт юм.
Энэ мэт эерэг өөрчлөлт, хөгжлийг илүү олон нийтэд таниулах, салбарынханд урам зориг өгөх, үйлчилгээний чанар, соёлын жишиг тогтоох талдаа “Mongolian Restaurant Association Awards 2025” онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.
Анхны жилдээ зохион байгуулагдаж буй энэ шалгаруулалтад шүүгчийн бүрэлдэхүүнд ажиллах боломж олдсон тул баяртай байна. Цаашид энэхүү шагнал жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж, Монголын F&B салбарын хөгжлийг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.
Л.Дэлгэрмаа (Монголын баристагийн холбооны тэргүүн):
Манай улсад Кофены соёл маш хурдацтай хөгжиж, аль хэдийн дэлхийн түвшинд хүрч чадсан байгаа. Одоо бид үүнийгээ улам илүү бататгаж, шилдгээ тодруулах боломжтой “MRA Awards 2025” шалгаруулалт энэ жил зохион байгуулагдаж байгаад миний зүгээс дэмжин Шүүгчийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаадаа баяртай байна.
Монголын кофены зах зээлд үнэ цэн, брэндээрээ тэргүүлэгч, чанар, хэрэглэгчийн туршлагаараа бусдыг манлайлагчдыг тодруулах зорилготой шилдэг кофе шопын номинацид таны бизнесийн үйл ажиллагааны цар хүрээ том, жижиг гэлтгүй кофе шопын бизнес эрхлэгч таныг танилцуулгаа илгээж, нэрээ дэвшүүлж оролцоорой гэж уриалмаар байна.
Олон улсын франчайз кофе шопын сүлжээ орж ирэхийн хажуугаар манай Монгол залуучууд ногоон үрээ өөрсдөө оруулж ирэн, хуурч, дотоодын кофе шопын сүлжээ, франчайзыг ч мөн хөгжүүлэн, өрсөлдөж чадаж байгаа хамгийн гоё бизнес. Кофенд дуртай л бол та брэндийн нэр хүнд, чанараа салбартаа таниулж, хэрэглэгчдийнхээ итгэлийг бэхжүүлж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх энэхүү боломжийг ашиглаарай.
________________________________________
“Mongolian Restaurant Association Awards 2025” шалгаруулалтад нэр дэвших сонирхолтой байгууллагууд 2025 оны 11-р сарын 25-ны өдөрт багтаан нэр дэвших хүсэлт, холбогдох материалаа уг холбоосоор илгээн, бүртгүүлэх боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэлтэй шалгаруулалтын удирдамжаас танилцах буюу доорх утас, цахим хаягаар холбогдон тодруулна уу.
Нэр дэвшигчээр бүртгүүлэх: MRA-Awards2025
Та “Mongolian Restaurant Association Awards 2025” шалгаруулалтын удирдамжтай танилцах бол энд дарна уу.
Удирдамж: MRA-Awards2025
📧 info@mongolianrestaurants.mn
📞 8000–3455
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!