Трампын засаг захиргаа өчигдөр 2026 онд АНУ-д зохион байгуулагдах хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний хөгжөөн дэмжигчдэд зориулан визийн түргэвчилсэн систем нэвтрүүлснээ зарлажээ.
Тухайлбал ДАШТ-ийг үзэх тасалбартай гадаадын иргэд АНУ-ын визийн ярилцлагад орохдоо дарааллын эхэнд жагсах болж байгаа юм байна.
Гэсэн хэдий ч АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэ систем нь хилээр саадгүй нэвтрэх баталгаа болохгүйг анхааруулжээ.
“Таны тасалбар бол виз биш. Энэ нь АНУ-д нэвтрэх баталгаа болохгүй. Энэ нь зөвхөн ярилцлагын цагийг эрт авах баталгаа болно. Гэхдээ визийн шалгуур нь бусад хүмүүсийнхтэй адил байна. Цорын ганц ялгаа нь ярилцлагын дарааллын урд орж байгаа явдал юм” гэж Рубио тайлбарласан байна.
Одоогоор АНУ-ын харьяат бус нэг сая орчим хүн ДАШТ-ий тасалбар аваад байгаа гэсэн мэдээлэл бий.
Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино нийтдээ 6-7 сая хүртэл тасалбар зарагдах бөгөөд АНУ-д дэлхийн өнцөг булан бүрээс таваас арван сая хүн үрэх төлөвтэй байгааг мэдээлжээ.
Ирэх оны зургаадугаар сард АНУ, Мексик, Канад гурван улс ДАШТ-ийг хамтран зохион байгуулах юм. Үзэгчид, хөгжөөн дэмжигчдийн ихэнх нь эдгээр улсуудын иргэд байх гэнэ.
Гэхдээ ФИФА-гийн мэдээлснээр дэлхийн 212 улс, бүс нутгийн иргэд тасалбар аваад байгаа юм байна.
Энэ ачааллыг зохицуулахын тулд АНУ-ын гадаад дахь элчин сайдын яамдад 400 гаруй консулын ажилтан нэмж ажиллуулахаар болсныг Рубио өчигдөр сэтгүүлчдэд дуулгасан байна.
Үүний үр дүнд улс орнуудын 80 орчим хувьд АНУ-ын визийн ярилцлагын хүлээх хугацаа нэг жилээс 60 хоног болон богиносож байгаа гэнэ.
“Жишээлбэл Бразил, Аргентин зэрэг улсуудад ярилцлагад орохын тулд жил гаруй хугацаанд хүлээдэг. Харин одоо хоёр сар хүрэхгүй хугацаанд ордог болж байна” гэж Рубио тайлбарлажээ.
Энэ үеэр ерөнхийлөгч Трамп ДАШТ-ийг улс төржүүлэх боломжийг алдалгүй, өрсөлдөгч Ардчилсан Намаас дарга нь сонгогдсон хотуудад асуудал гарвал тоглолт зохион байгуулах эрхийг өөр хотод шилжүүлэхээр сүрдүүлжээ.
Тухайлбал тэр зургаан тэмцээн зохион байгуулах эрхтэй Сиэтл хотыг онцгойлон анхааруулсан байна.
“Хэрвээ ямар нэг асуудал гарах шинж тэмдэг ажиглагдвал би ерөнхийлөгч Жанни Инфантинод өөр хот сонгох санал тавих болно. Манайд тэмцээн зохион байгуулах хүсэлтэй маш олон хот байгаа. Хэт либерал, коммунист үзэлтэй хотын даргатай Сиэтлд асуудал байгаа гэж үзвэл бид тэмцээнийг илүү үнэ цэнтэй, аюулгүй газарт шилжүүлэх болно” гэж тэр хэлжээ.
Трамп хөлбөмбөгийн ДАШТ-ийг АНУ-ын хувьд “амьдралд нэг удаа тохиох боломж” гэж дүгнэсэн байна.
АНУ өмнө нь 1994 онд энэхүү томоохон арга хэмжээг зохион байгуулсан түүхтэй. 2026 оны тэмцээн нь уламжлалт 32 багтай системээс татгалзаж, анх удаа 48 багтай системээр зохион байгуулагдах юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!