Прокурорын байгууллага 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийг дуусталх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 52,227 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 1405 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 674 хэрэг шинээр нээж, 294 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Гадаад улсаас дайвар ачаанд нуун Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Л.Д, Х.Н нар нь хүлээн авч, худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 2, 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Д.О, Л.Б нар нь нэр бүхий эмэгтэйчүүдийн эмзэг байдлыг нь далимдуулан, цахим орчинд “санхүү авна” гэсэн зар байршуулан биеийг нь үнэлүүлж, саун массаж нэрийн дор биеэ үнэлэх газар байгуулсан, орон байраар хангаж, биеэ үнэлэхийг зохион байгуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1,2 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/, Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Хүн худалдаалах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Б.М нь бусадтай бүлэглэн насанд хүрээгүй хохирогчийг хууран мэхлэн тээврийн хэрэгслээр авч яван, хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.2 /Хүн хулгайлах/, Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 2.1 /Заналхийлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шүүхэд шилжүүллээ.
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газар
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!