Уншиж байна ...

Монгол орны нийт нутгаар энэ сарын 22-ноос цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх 10 хоногийн (2025.11.18-26) цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээллийг танилцууллаа.


Энэ сарын 18-21-нд нийт нутгаар цаг агаар тогтуун өдөртөө хүйтний эрч сулрах боловч, 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Хур тунадас: 19-нд Хэнтийн уулархаг нутгаар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 19-нд тал, хээрийн нутгаар, 22, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 26-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 18-21-нийг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -12...-17 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -7...-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө  -7...-12 градус, өдөртөө +2...-3 градус, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -2...-7 градус хүйтэн байна. 22-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. 

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 23-нд цас орж, цасан шуурга шуурна.   

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 22-23-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

18-22-нд өдөртөө хүйтний эрч суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-23 градус, бусад хэсгээр -12...-17 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна. 23-наас хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор -24..-29 градус, бусад хэсгээр -18...-23 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.