УИХ дахь Ардчилсан Намын бүлэг ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Өнөөдрийн бүлгийн хурлаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл танилцуулагдсан. Өнгөрсөн чуулганаар өргөн баригдаад хэлэлцэгдэх гэж байсан ч хойшлогдсон.
Энэ хуулийн төслийн нэг гол зарчим болох “худал мэдээлэл тараах” гэдэг зүйл, заалтад тайлбар орж байгаа.
“Худал мэдээлэл тараах” гэдэг зүйл, заалтад хуулийн этгээд гэдэг нэр томьёо бий. Энэ хуулийн этгээд гэдэг нэр томьёог дагаад сүүлийн үед төрийн байгууллагууд “Бид хуулийн этгээд учраас нэр төрөө хамгаалуулна” гэдэг гомдол гаргаснаар хуулийн байгууллага шалгадаг болсон.
Тиймээс Эрүүгийн хуулийн "Худал мэдээлэл тараах” гэдэг зүйл, заалтад хэрэглэж буй хуулийн этгээд гэдэгт төрийн байгууллага хамаарахгүй гэдэг тайлбар бичиж байгаа.
Шинэ Хууль зүй, дотоод хэргийн сайд өнгөрсөн долоо хоногт нэг үг хэлсэн. “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, өндөр албан тушаалтантай холбоотой худал мэдээлэл тараасан учраас” гээд нэр бүхий сэтгүүлчдийг барьж хорьсон тухай ярьсан. Гэхдээ сэтгүүлчид биш юм шиг байна билээ.
Хуулийн сайд Эрүүгийн хуулийг ашиглахдаа албан тушаалтан, төрийн байгууллагын нэр төрийг хамгаалах ёстой юм шигээр үг хэлсэн байсан. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хууль нь иргэний нэр төр, алдар хүндийг хамгаалахад зориулагдсан болохоос биш төрийн нэр хүндийг хамгаалахад зориулагдаагүй.
Ингэж Эрүүгийн хууль дахь тодорхой бус нэр томьёог тайлбарлахгүй бол албан тушаалтнууд иргэний шүүмжлэх, хэлэлцүүлэг өрнүүлэх, хардах эрхийг нь хулгайлах шинжтэй болж эхэлж байна.
Мөн дээрх хуулийн зүйл, заалтад найруулгын шинжтэй өөрчлөлт оруулж байгаа. Тэр нь юу гэхээр, “нийгэмд аюултай” гэдэг нэр томьёог халж байгаа. Ардчилсан, иргэний эрхийг эрхэмлэдэг улс орнуудад хэмжиж болдоггүй нийгэм гэх мэтчилэн хийсвэр ойлголтыг хэрэглэж ял зэм өгдөггүй. Үүний оронд нийтийн, олон нийтийн гэдэг үг хэрэглэдэг. Нийтэд буюу олон нийтэд аюултай үйлдлийг хэмжиж болдог. Түүгээр хэн нэгнийг буруутгаж болно. Харин нийгэмд аюултай гэдэг нь социализмын ойлголт юм" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!