АНУ-ын оюутны лигийн сагсан бөмбөгийн D1 тэтгэлгээр Солонгын Ган-Эрдэнэ тоглохоор хэдхэн хоногийн өмнө албан ёсоор гэрээнд гарын үсэг зурлаа. "Notre Dame" их сургуулийн сагсан бөмбөгийн багт ирэх улирлаас буюу 2026 оноос тоглох аж.
Ингэснээр NCAA-д D1 тэтгэлгээр суралцах болсон хоёр дахь тамирчин болж байна. Өмнө нь Ш.Энхийн-Од ийм тэтгэлэг аваад өдгөө дөрөв дэх улиралдаа тоглож буй билээ.
С.Ган-Эрдэнэ энэ жил АНУ-ын топ академийн нэг "La Lumiere" ахлах сургуульд тоглох юм.
АНУ-ын Индиана мужид байрладаг "Notre Dame" их сургуулийн баг NCAA-гийн хасагдах шатны тэмцээнд 37 удаа оролцсон түүхтэй. Тэдний хувьд 1978 онд шилдэг дөрөвт шалгарсан нь оргил амжилт нь юм. Тус сургуулиас NBA-д хөл тавьсан хамгийн алдартай тоглогч нь Адрэйн Дэйнтли.
Тэнд гурван жил тоглосон А.Дэйнтли 1976 оны драфтын №6-гаар "Баффоло"-д очиж, хожим "Юта Жазз" багт дугаараа мөнхөлсөн билээ.
"Notre Dame" их сургуулийн сагсан бөмбөгийн эрэгтэй багаас 60 тоглогч NBA-д нэрээ гаргаж байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!