Уншиж байна ...

Хүүхдийн хорт зуршлын хэрэглээ арван жилийн хугацаанд хоёр дахин өсжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эцэг эх, гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн төлөвшил, харилцаанд анхаарал халамжийг нэмэгдүүлж, өсвөр насныхны дунд хорт зуршлын нөлөөллийг бууруулах зорилгоор “365 анхаарч, хайрлая” аяныг зохион байгуулахаар болжээ. 

Тус аяныг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын Урьдчилан сэргийлэх алба, CU, GS25 байгууллага хамтран эхлүүлж байгаагаа мэдээлэв. 

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан дараах мэдээллийг хүргэлээ. 



Тэрбээр хэлэхдээ "Жил бүрийн арав, арваннэгдүгээр сард хүүхэд хохирсон гэмт хэрэг улсын хэмжээнд өсдөг. Улмаар хүүхдийн эрх, аюулгүй байдал зөрчигдөж, хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдлууд бүртгэгдэж байна. 

Үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өдөр бүр хүүхдээ анхаарч, хайрлая буюу “365 анхаарч, хайрлая” аяныг зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаж буй. 

Гэмт хэргийн нөхцөл байдал: 

2025 оны эхний арван сард улсын хэмжээнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 11 хувиар буурсан. Гэхдээ 2,100 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна.

Гэмт хэргийн гаралтыг улам бууруулж, саармагжуулж, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр дээрх аяныг зохион байгуулна.

Хүүхэд үйлдсэн гэмт хэрэг:

Эхний арван сарын байдлаар 846 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ оны эхний арван сард хүүхэд гэмт хэрэг үйлдэх зөрчил 5-6 орчим хувиар буурсан үзүүлэлттэй. Гэхдээ хүүхэд гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдал төдийлөн буурахгүй байгаа. 

Урьдчилан сэргийлэх чиглэлээр “365 анхаарч, хайрлая” аян нь

  • мэдээлэл нөлөөллийн ажил болон хяналт шалгалт,
  • хүүхэд эрсдэлтэй цэгүүдэд очиж ажиллах,
  • эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх,
  • хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллана" гэв. 

Үргэлжлүүлэн "2014 онд гэхэд хүүхдийн хорт зуршлын хэрэглээ улсын хэмжээнд 12-14 хувьтай байсан. 

2024, 2025 оны судалгаагаар хүүхдийн хорт зуршлын хэрэглээ 24-26 хувьд хүрсэн байна. Эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч нар хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, энэ чиглэлийн мэдээлэл нөлөөллийн ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай.

Урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад тухайн сардаа, тухайн улиралдаа гэмт хэрэг буурч байгаа эргэн нөлөөг гардаг. Гэхдээ энэ нь цаашид нийгмийн соёл болж үлдэх нь харьцангуй бага.

“365 анхаарч хайрлая” аяныг 2026 онд буюу бүтэн жил явуулж, урьдчилан сэргийлэх мэдээлэл нөлөөллийн ажлуудыг хийхээр төлөвлөсөн.

Өнгөрсөн жилийн энэ үед “Соёл танаас эхэлнэ” аяныг CU, GS25 брэндүүдтэй хамтран зохион байгуулсан. 

Энэхүү ажлын хүрээнд нийгмийн соёлыг бүтээх чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэх, маргалдах, зөрчилдөх гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа. 

Энэ оны эхний 10 сарын байдлаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын гэмт хэрэг, зөрчил 5-8 орчим хувиар улсын хэмжээнд буурсан. Үүний цаана олон мянган хүн гэмт хэрэгт холбогдоогүй, хохироогүй, холбогдогч болох эрсдэлд өртөөгүй зэрэг эерэг нөлөөнд үүсэж байна. 

Урьдчилан сэргийлэх мэдээлэл, нөлөөллийн ажилд иргэд олон нийт, хүүхдийн өмнө үүрэг хүлээгч бүх байгууллага хамтран оролцож, дэмжиж ажиллахыг хүсье" хэмээн цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан мэдээлэл өглөө. 

Хамтрагч байгууллагын төлөөллүүд хэлэхдээ "Улсын хэмжээнд CU болон GS25-ын нийт 800 гаруй сүлжээ дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр 800 дэлгүүрт өдөр болгон бидний аяны зорилтот хүүхэд залуус үйлчлүүлдэг.

Тэднийг үйлчлүүлэх явцад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хорт зуршлын хор хөнөөлийг таниулах зэргээр бүтэн жилийн турш хамтран ажиллана.

Ингэснээр бид нийгэмд төдий хэмжээгээр эерэг үр нөлөөг авчрах боломжтой" хэмээв.

Жишээлбэл CU сүлжээ дэлгүүр 2021 оноос хойш ЦЕГ-тай хамтран хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгэмд эерэг нөлөө авчрах чиглэлээр олон ажлыг хамтран хийж байгаа аж. 

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд төөрсөн, алга болсон 14 хүүхдийг олж цагдаагийн байгууллага, эцэг эхэд нь хүргэж өгснийг хэллээ.