Уншиж байна ...

Лабубу хүүхэлдэйн сэдэвтэй бүрэн хэмжээний киног бүтээх эрхийг Sony Pictures авчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хятадын тоглоом үйлдвэрлэгч болон Sony Pictures компани Лабубу хүүхэлдэйн сэдэвтэй бүрэн хэмжээний киног бүтээх гэрээг энэ долоо хоногт байгуулсан тухай Hollywood Reporter сэтгүүл мэдээлжээ.

Өөрөөр хэлбэл Sony Pictures дэлхийн олон орны зах зээлд хит болсон энэ хүүхэлдэйгээр дэлгэцийн бүтээл туурвих франчайз эрхийг Pop Mart компаниас авсан юм байна.

Одоогоор энэ төсөл дээр ямар найруулагч болон продюсер ажиллах, бүтээл нь амьд дүрслэлтэй, эсвэл энимэйшн хийцтэй байх эсэх нь тодорхой болоогүй байгаа гэнэ.

Европт амьдардаг зураач Касин Лун анх энэхүү өвөрмөц дүртэй цуглуулгын зориулалттай хүүхэлдэйг 2019 онд How2Work компанийн нэрээр Зүүн Өмнөд Азийн зах зээлд гаргаж байжээ.

Сүүлд Хятадын Pop Mart жижиглэн худалдааны сүлжээгээр зарагдаж эхэлснээр асар их амжилт олсон юм.

Лун хүүхэд байхдаа Хонконгоос Нидерландад нүүж амьдрах болсон бөгөөд Нордикийн үндэстнүүдийн үлгэр домгоос сэдэвлэн Лабубуг бүтээжээ.

Blackpink хамтлагийн гишүүн Лиза уг хүүхэлдэйг цүнхэндээ зүүх болсноор зах зээлийн эрэлтийг шинэ түвшинд гаргаж байв.

Дараа нь Рианна, Эмма Робертс зэрэг алдартнууд Лабубуг тансаг хэрэглээ болгосон юм.

Одоо Лабубугийн шинэ хувилбарууд Pop Mart сүлжээгээр худалдаанд гарах бүрдээ хэдхэн минутын дотор дуусаж байгаа.

Өнгөрсөн онд Pop Mart-ийн ашиг 350 хувиар өссөн нь үүнтэй холбоотой.

Лабубугийн цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн онцгой хувилбарууд дуудлага худалдаанд зургаан оронтой тоогоор үнэлэгддэг болжээ.

Холливүүдэд сүүлийн жилүүдэд тоглоомын сэдэвтэй бүтээлүүд тун амжилттай байгаа.

2023 онд гарсан “Barbie” кино л гэхэд дэлхийн зах зээлээс $1 тэрбум гаруйг олж байв. Энэ онд Sony Pictures компанийн бүтээсэн “Kpop Demon Hunters” энимэйшн кино үзэгчдийг байлдан дагуулсан нь Лабубуг дараагийн бүтээлээ болгох сэдэл болсон бололтой..

 

Эх сурвалж: AFP