Калифорни мужийн захиргаа АНУ-д байх визийн хугацаа нь хэтэрсэн үндэслэлээр цагаачдад олгосон ачааны автомашины жолоо барих 17,000 зөвшөөрлөө цуцлахаар төлөвлөж буйг энэ долоо хоногт мэдээлжээ.
Наймдугаар сард нэг хууль бус цагаач Флорида мужид ачааны автомашин жолоодож явахдаа гурван хүний амийг хөнөөсөн нь энэ асуудал олны анхаарлыг татах шалтгаан болсон юм.
Энэ ослын дараа Трампын засаг захиргаа цагаачдад жолоо барих зөвшөөрөл замбараагүй олгож буй мужуудыг хатуу шүүмжилж байв.
АНУ-ын тээврийн сайд Шон Даффи дээрх шийдвэрийг Калифорни мужийн эрх баригчид өмнө нь буруу ажиллаж байснаа хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж мэдэгджээ.
“Хэдэн долоо хоногийн турш ямар ч алдаа гаргаагүй гэж байсан захирагч Гэвин Ньюсом болон Калифорнийн захиргаа одоо буруугаа хүлээж байна. Одоо бид тэдний хууль бусаар олгосон ачааны автомашины жолоочийн 17,000 зөвшөөрлийг цуцлах болно. Энэ бол мөсөн уулын зөвхөн орой хэсэг юм. Бид ачааны автомашин болон сургуулийн автобусны жолооны ард суугаа хууль бус цагаач бүрийг хөөн зайлуулснаа нотлохыг Калифорни мужаас шаардсаар байх болно” гэж тэр хэлсэн юм.
Энэ оны эхээр Техас, Алабама мужуудад дараалан ослууд гарснаар гадаадын иргэдийг ачаа тээврийн жолоочоор ажиллуулах нь зөв эсэх асуудал хөндөгдөж эхэлжээ.
Наймдугаар сард Флоридад гарсан осол асуудлыг улам хурцатгасан юм.
Өнгөрсөн сард Калифорни мужид бас нэг хууль бус цагаач ачааны автомашин жолоодож явахдаа гурван хүний аминд хүрсэн осол гаргасан байна.
Өмнө нь сайд Даффи жолооч нарт зөвшөөрөл олгохдоо англи хэлний шалгалт авдаггүй гэсэн үндэслэлээр холбооны засгийн газраас Калифорни мужид хуваарилах $40 саяын төсвийг цуцалж байв.
Тэр сая хууль бус цагаачдыг ачаа тээврийн салбараас бүрэн зайлуулахгүй бол дахин $160 саяын төсвийг нь цуцлахаа Калифорнийн эрх баригчдад анхааруулжээ.
Даффи есдүгээр сард ачаа тээврийн жолооны зөвшөөрөл олгох журмыг шинэчлэхдээ гадаадын иргэдийн зөвшөөрөл авах боломжийг маш хэцүү болгосон юм.
Тухайлбал зөвхөн H-2a, H-2b, E-2 гэсэн гуравхан ангиллын визтэй гадаадын иргэдэд зөвшөөрөл олгох ба ингэхдээ визийн хугацаа нь дуусах болсон эсэхийг шалгасны үндсэн дээр зөвхөн нэг жил хүртэл хугацаатай олгохоор болжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!