Их Британийн алдартай генетикч Тури Кингийн удирдсан баг Германы нацист удирдагч Адольф Хитлерийн ДНХ-ийг (дезоксирибонуклейн хүчил) шинжилсэн ажлынхаа тайланг танилцуулахад бэлэн болжээ.
III Ричард хааны генийн ул мөрийг судалж байсан Батийн Их сургуулийн профессор Кинг энэ судалгаандаа 1945 онд Хитлерийн өөрийгөө буудсан бункерийн буйдангаас авсан материалыг ашигласан юм байна.
Хитлерийн цус шингэсэн энэ материалыг түүний хамаатан садан гэдэг нь батлагдсан хүний генийн материалтай харьцуулаад мөн болохыг тогтоожээ.
1945 онд АНУ-ын генерал Дуайт Эйзенхауэрын олон нийттэй харилцах асуудал хариуцсан офицер Розвелл Розенгрэн нь Зөвлөлтийн армийнхны зөвшөөрлөөр Хитлерийн бункерт нэвтрэхдээ буйдангийн цустай бүрээсний хэсгээс хайчлан авч байжээ.
Энэ өөдсийг Розенгрэний гэр бүл үе дамжуулан хадгалж байгаад 2014 онд дуудлага худалдаагаар зарахад Пенсильвани муж дахь Геттисбэргийн Түүхийн Музей худалдан авсан юм байна.
Судалгаагаар илэрсэн нэг сонирхолтой нээлт нь Хитлер дааврын тогтолцоог алдагдуулдаг Каллманы хам шинж хэмээх төрөлхийн өвчинтэй байжээ.
Энэ нь бэлгийн бойжилтыг саатуулж, төмсөг уутандаа буухгүй байх эмгэг үүсгэдэг юм байна.
“Үндсэндээ ийм эмгэгтэй хүнд тестостерон дааврын түвшин бага байдаг. Энэ үед бэлгийн бойжилт бүрэн, эсвэл хэсэгчлэн саатдаг. Ийм тохиолдлуудын 5 хувьд эр бэлэг эрхтэн хэвийн хэмжээнээсээ жижиг байдаг” гэж Кинг профессор тайлбарлажээ.
Энэ эмгэг түүнийг бусадтай дотно харилцаа тогтооход саад болдог байсан гэж судлаачид үзэж байна.
Хитлер өөрийгөө буудахад цус нь ойролцоох буйдан болон бункерийн хананд үсэрсэн гэдэг.
Геттисбэргийн музейд хадгалагдаж байгаа өөдөс уг буйдангийнх мөн эсэхийг Коннектикут мужийн Байгалийн Түүхийн Музейн хүндэт археологич Николас Беллантони шалгаж байжээ.
Тэрбээр энэ зорилгоор 2009 онд ОХУ-д очиж, тэнд хадгалагдаж буй буйдангийн бүрээстэй харьцуулсан юм байна.
Кингийн баг бас Хитлер жүүд өвөг дээдэстэй байсан гэх цуурхал үнэн эсэхийг шалгажээ.
Хитлерийн эмэг эх жүүд айлд ажиллаж байхдаа жирэмсэн болсон гэх түүх байдаг. Судлаачид Y хромосомыг шинжлэхдээ түүний эрэгтэй талын удам угсааны хүний ДНХ-тэй харьцуулаад жүүд гаралтай байх боломжгүй гэж дүгнэжээ.
“Хэрвээ үнэн байсан бол бид ДНХ-ийн тохирлыг олохгүй байх байсан. Энэ тохирол нь Хитлер жүүд гаралгүйг батлаад зогсохгүй хүн төрөлхтөн эцэг талаасаа жүүд гаралтай гэх таамаг худал болохыг батлан харуулж байна” гэж Кинг тайлбарласан байна.
Кингийн баг энэхүү судалгаанд дөрвөн жилийг зарцуулжээ.
Судалгааны тухай дэлгэрэнгүй үзүүлсэн “Hitler’s DNA: Blueprint of a Dictator” нэртэй баримтат кино өнөөдөр буюу Бямба гарагт Их Британийн Channel 4 телевизийн сувгаар цацагдах юм байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!