Уншиж байна ...

Исланд улс Атлантын далайн урсгалын системийн сүйрлийг үндэсний хэмжээний аюул заналд тооцох болов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Исланд улс Атлантын далайн томоохон урсгалын системийн сүйрлийг өөрийн үндэсний аюулгүй байдлын асуудал, оршин тогтнолын аюул заналд тооцох шийдвэр гаргажээ.

Ингэснээр тус улсын засгийн газар энэ сүйрлийн үед хэрхэн ажиллах стратегийг боловсруулах ёстой болж байгаа юм.

AMOC (Atlantic Meridional Overturning Circulation) гэж нэрлэдэг систем нь өмнөд дулаан бүсийн усыг Умард туйлын чиглэлд урсгадаг бөгөөд үүний үр дүнд Европын өвөл хүйтрэлгүй, зөөлөн өнгөрдөг.

Гэвч уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Гринланд арлын мөсөн бүрхүүл хайлж, эндээс үүссэн хүйтэн ус AMOC-ийн дулаан урсгалыг тасалдуулж болзошгүй болоод байгаа юм.

Хэрвээ ингэвэл Европ тивийн хойд хэсэгт шинэ мөстлөгийн эрин эхэлж болзошгүй гэж судлаачид үздэг.

AMOC хамгийн сүүлд 12,000 жилийн өмнө өндөрлөсөн сүүлчийн мөстлөгийг эхлэхээс өмнө тасалдаж байжээ.

“Энэ бол манай үндэстний аюулгүй байдал, оршин тогтнох чадварт шууд тулгарч буй аюул занал юм. Уур амьсгалтай холбоотой байгалийн үзэгдлийг үндэсний хэмжээний болзошгүй аюул заналд албан ёсоор тооцсон анхны тохиолдол энэ болж байна” гэж Исландын уур амьсгалын сайд Йоханн Палл Йоханссон мэдэгдсэн байна.

Одоо тус улсын засгийн газар цаашид ямар судалгаа явуулах, ямар бодлого баримталж ажиллах шаардлагатайг үнэлж байгаа гэнэ.

Тухайлбал эрчим хүч, хүнсний хангамж, дэд бүтэц, олон улсын тээвэр зэрэг салбаруудад үзүүлэх эрсдэлийг үнэлж байгаа ажээ.

Атлантын далайн дулаан урсгалын уналтын нөлөө Умард Европоос хальж магадгүй гэж судлаачид үзэж байна.

Жишээлбэл Африк, Энэтхэг, Өмнөд Америкийн хөдөө аж ахуйн салбарт урт хугацааны тогтворгүй байдал үүсгэж болзошгүй гэнэ.

Бас Антарктидын мөсийг илүү хурдтай хайлахад хүргэх магадлалтай гэж үзэж байна.

Өнгөрсөн сард Нордикийн Сайд нарын Зөвлөл байгууллага 60 судлаачийг оролцуулсан “Nordic Tipping Week” сургалт семинарыг санхүүжүүлсэн нь AMOC-ийн нийгэмд үзүүлэх нөлөөг үнэлэх зорилготой байжээ.

Энэ семинарын зөвлөмжийг одоо боловсруулж байгаа юм байна.

“Сүйрэл яг хэзээ болох магадлалтай талаар судалгаа маш олон хийгдсэн. Харин нийгэмд үзүүлэх нөлөөний талаар судалсан зүйл маш бага байна” гэж үүнд оролцсон Финландын Цаг Уурын Хүрээлэнгийн физикч Алекси Нуммелин хэлжээ.

Бусад улс орнууд мөн арга хэмжээ авч эхэлсэн байна. Ирландын цаг уурын алба AMOC-ийн талаар мэдээллийг өнгөрсөн онд ерөнхий сайддаа танилцуулсан бол өнгөрсөн долоо хоногт парламентын байнгын хороонд танилцуулжээ.

Норвегийн байгаль орчны яам AMOC-ийг аюулгүй байдлын эрсдэл гэж үзэхээсээ өмнө энэ талын мэдлэгээ сайжруулахад хэрэгтэй шинэ судалгаа явуулахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм.

Их Британийн засгийн газар AMOC-ийн сүйрлийг энэ зуунд тохиох магадлал бага гэсэн судлаачдын дүгнэлттэй танилцсан ч энэ талын мэдлэг, мэдээллээ сайжруулах судалгаанд 81 сая фунт стерлинг зарцуулахаар болжээ.

 

Эх сурвалж: AFP