Уншиж байна ...

Энэ сараас эхлэн Хятад улс Оросын газрын тосны импортоо бууруулж, Саудын Арабын импортыг өсгөжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хятад улс арваннэгдүгээр сард Оросын түүхий газрын тосны худалдан авалтаа бууруулж, Саудын Арабын импортоо өсгөснийг салбарын статистик мэдээллийн Kpler компанийн тоо баримт харуулж байна.

Тухайлбал энэ сард Оросоос өдөрт 926,000 баррель газрын тос импортолж байгаа нь аравдугаар сарын 1.45 сая баррельтай харьцуулахад 36 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

Хятадын газрын тос боловсруулах үйлдвэрүүд энэ сард Саудын Арабын импортыг өдрийн 500,000 орчим баррелиар нэмэгдүүлж, өмнөх сарын 1.2 сая баррелиа 1.78 сая баррель болгосон байна.

Үүний үр дүнд Хятадын хамгийн том газрын тос нийлүүлэгчийн байр суурь Орос улсаас Саудын Араб улсад шилжжээ.

Харин Энэтхэг улсын хувьд эсрэгээрээ Оросын газрын тосны импортоо энэ сард нэмэгдүүлсэн байна.

Тухайлбал өмнөх сард өдөрт 1.7 сая баррель түүхий газрын тос авч байснаа энэ сард 2.26 сая баррель болгожээ.

Гэхдээ арванхоёрдугаар сард Энэтхэгийг чиглэсэн Оросын газрын тосны тээвэрлэлт огцом буурах төлөвтэй байгаа гэнэ.

Учир нь тус улсын таван том боловсруулагч болох Reliance Industries, Bharat Petroleum, Hindustan Petroleum, Mangalore Refinery and Petrochemicals, HPCL-Mittal Energy нар ирэх сард Оросоос газрын тос авахгүйгээ мэдэгджээ.

Блүүмбэргийн мэдээлснээр одоо зөвхөн төрийн өмчит Indian Oil, Роснефтийн эзэмшилтэй Nayara Energy компаниуд Оросын газрын тосыг үргэлжлүүлэн авах төлөвтэй байна.

Оросын импортоос татгалзсан Энэтхэгийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд Саудын Араб, Иракийн нийлүүлэлтээр орлуулах яриа хэлэлцээ явуулж буйг эх сурвалжууд мэдээлжээ.

Ийнхүү зах зээлийн эрэлт буурсантай холбоотойгоор Балтийн тэнгис болон Хар тэнгисийн боомтуудад Оросын газрын тосны үнийн хямдрал хэдхэн долоо хоногийн дотор хоёр дахин өссөн байна.

Одоо баррель тутамд $19.4-ын хямдрал үзүүлж байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын эхээр энэ хэмжээ $13-$14-ийн хооронд хэлбэлзэж байжээ. Өнгөрсөн сард АНУ-ын засаг захиргаа Роснефть, Лукойл компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлахын өмнө хямдралын хэмжээ баррель тутамд $11 орчим байжээ.

 

Эх сурвалж: Reuters