Уншиж байна ...

Мексикийн Ерөнхийлөгч хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн тасалбараа энгийн иргэнд бэлэглэнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 11 сарын 12
IKON.MN
Зураг зураг

Мексик улсын ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий нээлтийн тоглолтын тасалбараа энгийн иргэнд бэлэглэнэ гэж мэдэгджээ.

Тэрбээр өнгөрсөн Даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр "Би өөрийнхөө тасалбарыг хөлбөмбөгт үнэхээр хайртай ч үзэх боломжгүй энгийн иргэнд бэлэглэхээр шийдлээ" гэв. Ингэхдээ тэр залуу эмэгтэйд эсвэл насанд хүрээгүй охинд ийм бэлэг өгөхөөр болсноо онцолжээ.

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны тэргүүн Жианни Инфантино өнгөрсөн наймдугаар сард Мексикт зочлох үеэр тус улсын төрийн тэргүүнд тусгай тасалбар бэлэглэсэн юм. 

00001 дугаартай уг тасалбар нь ирэх оны зургаадугаар сарын 11-нд нээлтээ хийх Мексик, АНУ, Канад гурван улсын хамтран зохион байгуулж буй хөлбөмбөгийн тоглолтынх аж.

2026 оны зургаадугаар сарын 11-нээс долдугаар сарын 19-нийг дуустал үргэлжлэх хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн тоглолт "Ацтек" цэнгэлдэхэд болно. Мексик улс 1970, 1986 оны ДАШТ-ийг зохион байгуулсан туршлагатай бөгөөд нээлтийн тоглолтыг гурав дахиа зохион байгуулж буй анхны улс болох юм.

 

Эх сурвалж: Reuters