Радио жүжгийн чиглэлээр дагнасан "Бундын тамга" хамтлаг энэ сарын 22-ны Бямба гарагт "Хайрын орон зай" дууны тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна. Тус хамтлагийнхан удахгүй болох тоглолтдоо зориулан Монголын анхны сонсдог кино хийсэн талаараа өнөөдөр мэдээлэл өглөө.
Сонсдог киноныхоо талаар тус хамтлагийн ахлагч Б.Эрдэнэтогтох "Бид өмнө нь радио жүжгүүдээ цагийн дотор хийдэг байсан. Энэ удаад "Хоёр хайрлахгүй" сонсдог кино маань 80 минут үргэлжилнэ. Өмнөх өгүүллэгүүдээс юугаараа ялгаатай вэ гэвэл хоолой давтагдаагүй. Цаашлаад Монголын аудио контентын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг залуучуудад уриалахад сонсдог киноны салбар луу орж ирээсэй гэж хүсэж байна.
Цаашлаад бид 2026 оноос 30-40 ангитай сонсдог киноны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.
Манай хамтлагийн хувьд 2007 оноос аудио жүжгийн төрөлд уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Хамтлагийн гишүүд маань бүгд фм-ийн хөтлөгчид. Энэ төрлөөр хэд хэдэн жүжиг, өгүүллэг бүтээсэн тул сонсогчид маань шинэ тоглолтын сургаар биднээс дахин сонсдог жүжиг, өгүүллэгээ хийх үү гэж их асуулт ирсэн.
Тиймээс хамтлагийн зүгээс өмнө нь төлөвлөсөн байсан сонсдог кино гэсэн форматаа судлаад Монголд бол анхдагчид байж болохоор юм байна гэж үзсэн. Олон улсад бол аудио драма гэж явдаг юм. Гэхдээ тийм ч олон биш.
Бид сонсдог кино гэсэн жанраар цаашид уран бүтээлээ үргэлжлүүлнэ. Энэ сонсдог кинонд маань саяхан гавьяат жүжигчин болсон, дуу оруулагч Ө.Наранбаатар ах маань дүр бүтээсэн.
Сонсдог кино маань маргааш 20:00 цагаас "Хайрын орон зай" нэвтрүүлгийн цахим хуудсаар шууд явна. Улаанбаатар хотод хэд хэдэн фм-ээр шууд явуулахаар болсон.
Өнөөдөр 13:00 цагаас "Хоёр хайрлахгүй" сонсдог киноны дуу, "Сүүлчийн зогсоол" гээд шинэ клип цацагдана.
"Хоёр хайрлахгүй" сонсдог киноны маань эх зохиол нь уран сайхны кинонд зориулагдсан. Тиймээс үүнийг сонсдог киноны формат руу хөрвүүлэхээр болсон юм.
Сонсдог киноны давуу тал гэвэл хүнд таван мэдрэхүй байдаг. Уран сайхны киног хүн нүд, чих хоёроороо үздэг бол сонсдог киног зөвхөн чихээрээ сонсоно. Чих бол хүний зургаа дахь мэдрэхүй буюу сэтгэлтэй нарийн холбоотой байдаг. Тиймээс хүнд төсөөлөл хүчтэй өгдөг. Цаашлаад "Монголын Нууц Товчоо"-г ч сонсдог кино болгох боломжтой.
"Хайрын орон зай" тоглолтын хувьд энэ сарын 22-нд "Steppe Arena"-д болно. Бид өчигдөр тоглолтод оролцох хамтлаг дуучдыг танилцуулсан.
Дурдвал "Мөнхийн Рэп", "No Name", "MC Collection", "4 зүг", "Нөлөө", "Next", "Now", "1 Хороолол", "Дурсамж" зэрэг хамтлаг Joshua Bobo, TI Muujig, MC Khulegee зэрэг дуучин оролцоно. Мөн одоогоор нэрийг нь нууцалсан хоёр уран бүтээлч тайзан дээр гарах болно.
Тоглолтод ирэх үзэгчдэд зориулан автобус болон Alphard үйлчилгээ явуулахаар болсон. Тухайн тоглолтын өдөр 17:00 цагаас Сүхбаатарын талбайгаас автобус хөдөлнө. Ирж, очих тасалбарын үнэ ₮10,000.
"Alphard" автомашинаар такси үйлчилгээ явуулж байгаа. Уг таксины үнэ ₮247,000. Нэг автомашинд 7-8 хүн сууна. Захиалгаа өгсөн үзэгчдийг гэрээс нь очиж аваад буцаагаад тоглолтын дараа хүргэх юм.
Тоглолт дээр 60 орчим дуу дуулагдах байх. Нэг хамтлаг 3-4 дуугаа дуулна гэж тооцоолж байна. Бидний зүгээс 25 дуу дуулахаар төлөвлөсөн.
Манай тоглолт таван хэсгээс бүрдэж байгаа. Бусдаас ялгаатай нь бид тоглолтынхоо эхэн хэсэгт дуулна. Тоглолтын дундуур ирсэн зочин хамтлаг дуучид гараад төгсгөлийг нь бид өөрсдөө хийхээр төлөвлөж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!