Сүүлийн үед Премиум Нэксус ХК “CUMN хувьцаагаа буцаан худалдан авах гэж байна уу?”, “Хаалттай болох гэж байна уу?” гэх асуултууд хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчдын дунд гарч байгаа билээ.
Тэгвэл үүнийг энгийнээр тайлбарлавал, компанийн нэгдмэл сонирхол бүхий хувьцаа эзэмшигчдийн эзэмшил нийт хувьцааны 75%-иас давсан тул, Компанийн тухай хуулийн 53.2-т заасны дагуу хувьцаа эзэмшигчид хувьцаагаа өөрийн хүсэлтээр компанид буцаан худалдах эрхийг хэрэгжүүлж байгаа юм.
Иймд “Премиум Нэксус” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, хуульд заасан энэхүү үүргээ биелүүлэх, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангах зорилгоор шийдвэр гаргасан.
Тус компани 2021 онд IPO гаргахдаа нэгж хувьцаагаа 208 төгрөгөөр санал болгож байсан бол энэ удаад хувьцааг 350 төгрөгөөр буцаан худалдан авах санал тавьсан бөгөөд энэ нь сүүлийн зургаан сарын дундаж ханшаас 75 хувиар өндөр үнэ юм.
Харин Шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрс 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болсон нь үүнээс хойш хувьцаа эзэмшигч болсон эсвэл хувьцаа нэмж худалдан авсан тохиолдолд тус шаардах эрхийн дагуу хувьцаагаа зарах боломжгүй байгааг харуулж байна.
Компанийн зүгээс жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж, ил тод, хариуцлагатай засаглалын зарчмыг хэрэгжүүлэхэд анхаарч байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!