Уншиж байна ...

Европын Холбоо олон удаагийн Шенгений визийг ОХУ-ын иргэдэд олгохоо зогсоов

Т.Давааням, ikon.mn
2025 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Украины дайнтай холбоотой Москвад дарамт шахалт үзүүлэх хүчин чармайлтын хүрээнд Европын Холбоо олон удаагийн Шенгений визийг Оросын иргэдэд олгохоо зогсоож буйг зарлажээ.

“Одоогоос эхлэн Оросын иргэд олон удаагийн виз авах боломжгүй болж байна. Энэ нь Оросын иргэд Европын Холбооны орнуудад аялах бүрдээ шинэ виз авах шаардлагатай болно гэсэн үг” гэж Брюсселийн эрх баригчид мэдэгдэлдээ тайлбарласан байна.

Мөн “Аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах зорилгоор өргөдөл гаргагчдыг нягт нямбай, тогтмол шалгах боломжтой болохын тулд” гэж гаргасан шийдвэрээ тайлбарлажээ.

Харин шүүмжлэгчид энэ алхмыг энгийн иргэд, түүн дотроо улс төрийн хавчлага, цэргийн дайчилгаанаас зугтсан иргэдэд “саад болно” гэж үзэж байна.

Украины дайн эхэлсэн 2022 онд Европын Холбооны эрх баригчид ОХУ-тай байгуулсан виз хөнгөвчлөх гэрээгээ түдгэлзүүлснээр Оросын иргэдэд виз авах илүү хэцүү, өртөг өндөртэй болсон юм.

Сүүлд авсан визийн хориг арга хэмжээнээс зөвхөн хараат бус сэтгүүлчид, тэрс үзэлтнүүд, хүний эрхийг хамгаалагчид чөлөөлөгдөх гэнэ.

Мөн Европын Холбооны гишүүн орны давхар харьяалалтай Оросын иргэдэд үйлчлэхгүй юм байна.

“Европын Холбоонд аялах, чөлөөтэй зорчих нь эрх биш, давуу тал болно” гэж Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Каяа Каллас мэдэгджээ.

Евро Комиссын тоо баримтаас үзвэл Оросын иргэд 2025 онд 552,000 орчим Шенгений виз авсан нь өмнөх оноосоо бараг 100,000-аар өссөн үзүүлэлт боловч 2019 онд дөрвөн сая хүрч байсантай харьцуулахад асар их хэмжээгээр багассан тоо юм.

Ихэнх визийг Итали, Франц, Испани зэрэг улсууд олгодог бол Балтийн тэнгисийн орнууд виз олголтоо бараг бүрэн зогсоожээ.

ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Украины цагаачид, цэрэг татлагаас зайлсхийгчид байгаа тохиолдолд Европт төлбөрийн чадвартай жуулчид хэрэггүй бололтой” гэж Брюсселийн эрх баригчдын шийдвэрийг шүүмжилсэн тухай ТАСС агентлаг мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: AFP