Уншиж байна ...

Унгар улс Оросын эрчим хүчний импортын хоригоос чөлөөлөгдөх зөвшөөрлийг Трампаас авснаа зарлажээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Украины дайныг зогсоох хүчин чармайлтын хүрээнд Оросын газрын тосны хоёр том компани болох Роснефть, Лукойлын эсрэг хориг арга хэмжээ зарласан билээ.

Хоригийн дагуу дээрх хоёр байгууллагатай харилцсан дэлхийн бусад улс орнуудын компаниуд, хувь хүмүүс АНУ-ын хоёрдогч хориг арга хэмжээгээр шийтгүүлэх эрсдэлтэй болсон юм.

Баасан гарагт Цагаан ордонд Трамптай уулзсан Унгарын ерөнхий сайд Виктор Орбаны зорилго уг хоригоос чөлөөлөгдөх байлаа.

Энэ уулзалтын дараа Унгарын гадаад хэргийн яам тус улс Дружба дамжуулах хоолойгоор Оросын газрын тосыг авах, ТуркСтрим хоолойгоор Оросын байгалийн хийг авах тодорхойгүй хугацааны эрхтэй болж, хоригоос бүрэн чөлөөлөгдсөнийг зарлажээ.

Гэвч сүүлд Цагаан ордны албаны эх сурвалж Унгар улс Оросын эрчим хүчний импортын хоригоос зөвхөн нэг жилийн хугацаанд чөлөөлөгдсөн тухай мэдээлсэн байна.

Үүнээс гадна Унгарын ерөнхий сайд эрчим хүчний импортоо олон эх сурвалжтай болгон өргөжүүлэх, АНУ-аас $600 саяын үнэ бүхий шингэрүүлсэн хий авах амлалтыг Вашингтонд өгснийг баталжээ.

Виктор Орбан нь Москва болон Вашингтоны аль алинтай сайн харилцаатайгаас гадна Украины дайнтай холбоотой Орос улсад Европын Холбооноос үзүүлэх дарамт шахалтад шүүмжлэлтэй ханддаг нэгэн.

Тэрбээр өнгөрсөн сард нийслэл Будапешт хотдоо Трамп, Путин нарын уулзалтыг зохион байгуулах санал гаргасан ч АНУ-ын ерөнхийлөгчийн санаачилгаар цуцлагдаж байв.

Далайд гарцгүй Унгар улс Оросын эрчим хүчнээс ихээхэн хамааралтай байдаг. Сүүлийн 15 жил Унгарыг удирдсан Орбаныг ирэх онд нэлээд ширүүн сонгуулийн өрсөлдөөн хүлээж байгаа.

Олон Улсын Валютын Сангийн мэдээлснээр 2024 онд Унгар улс байгалийн хийн хэрэгцээнийхээ 74 хувийг, газрын тосны хэрэгцээнийхээ 86 хувийг Оросоос авчээ. Хэрвээ хориг арга хэмжээ Европын Холбооны хэмжээнд үйлчилбэл зөвхөн Оросын байгалийн хий нь Унгарын эдийн засагт дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 4 гаруй хувьтай тэнцэх зардал үүсгэх юм.

 

Эх сурвалж: Associated Press