Уншиж байна ...

Таргалалт, чихрийн шижинтэй хүмүүс АНУ-ын виз авахад хэцүү болно

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Трампын засаг захиргаа гадаад дахь элчин сайдын яамд, консулын газрууддаа чихрийн шижин, таргалалт зэрэг архаг өвчтэй хүмүүст АНУ-ын урт хугацааны виз олгохгүй байх шинэ удирдамж өгсөн тухай мэдээ цацагджээ.

Энэ нь халдварт бус суурь өвчинтэй цагаачид АНУ-ын эрүүл мэндийн системд дарамт учруулахаас сэргийлсэн алхам юм байна.

Пүрэв гарагт ерөнхийлөгч Дональд Трамп жин хасах зориулалттай Ozempic, Wegovy зэрэг эмүүдийг америкчууд илүү хямд үнэтэй авдаг болгох шийдвэрийг зарласан юм.

Үүнтэй зэрэгцэн визийн шалгуураа чангалсан нь америкчуудад олгосон боломжийг гадаадын иргэдэд ашиглуулахаас сэргийлсэн хэрэг бололтой.

АНУ-ын төрийн департаментаас өгсөн удирдамжийн дагуу одоо консулын ажилтнууд виз олгохдоо зүрх судасны болон амьсгалын замын өвчин, хорт хавдар, бодисын солилцооны болон мэдрэлийн эмгэг, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал зэргийг харгалзан үзэх ёстой болж байна.

Тодруулбал виз хүсэгч нь АНУ-ын засгийн газрын тусламжгүйгээр эмчилгээний зардлаа хариуцах санхүүгийн чадвартай эсэхийг үнэлсний үндсэн дээр шийдвэрээ гаргах ёстой болжээ.

Өмнө нь визийн шалгуурт голчлон сүрьеэ, гепатит, улаан бурхан зэрэг халдварт өвчин, вакцинжуулалтын бүртгэлийг харгалзан үздэг байсан юм.

Тэгвэл шинэ удирдамжаар эрүүл мэндийн шалгуурыг өргөжүүлж байгаа юм байна.

 

Эх сурвалж: ABC News