Уншиж байна ...

Дэлхийн улс орнууд 2034 оноос эхлэн шүдний ломбонд мөнгөн ус ашиглахаа зогсоохоор тохиролцов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Шүдний эмчилгээнд сүүлийн 175 жил ашиглаж ирсэн мөнгөн усыг хориглох хугацааг дэлхийн улс орнууд эцсийн байдлаар тохиролцож чаджээ.

Баасан гарагт Женев хотод Мөнгөн Усны тухай Минаматагийн Конвенцын гишүүн орнууд хуралдаж, мөнгөн усны найрлагатай шүдний ломбо буюу амальгамыг 2034 оноос эхлэн бүрмөсөн хориглохоор шийдвэрлэсэн байна.

Үүнийг мэргэжилтнүүд хүний биеийг хортой металлаас хамгаалах шийдвэртэй алхам гэж сайшаажээ.

“Улс орнууд 2034 он гэхэд шүдний амальгамын хэрэглээг зогсоохоор тохиролцлоо. Энэ нь мөнгөн усны бохирдлыг бууруулах түүхэн үйл явдал юм” гэж хурлаас гаргасан хаалтын мэдэгдэлд өгүүлсэн байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) мөнгөн усыг хүний биед хамгийн хортой 10 химийн элементийн нэг гэж үздэг.

Зарим улс орнууд амальгамын шүдний ломбо ашиглахыг хэдийнээ хориглосон байдаг юм.

2013 онд батлагдаж, 2017 онд хүчин төгөлдөр болсон Мөнгөн Усны тухай Минаматагийн Конвенцод 150 гаруй улс нэгдсэн байдаг.

Хурлын үеэр Африкийн орнууд амальгамын хэрэглээг 2030 оноос эхлэн халах санал гаргасан бол Иран, Энэтхэг, Их Британи улсууд үүнийг хэтэрхий эрт гэж эсэргүүцсэн байна.

Ингээд 2034 он дээр эцэслэн тохиролцжээ.

“Бид мөнгөн усны түүхийн номын бас нэг шинэ хуудсыг нээж байна. Мөнгөн усны бохирдол бол гамшиг. Бид бие биеэ ойлгож, үзэл бодлын ялгаагаа арилгах замаар хүмүүсийн амьдралыг өөрчилж чадна” гэж конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Моника Странкевич мэдэгдсэн байна.

Энэ удаагийн хурлаар хүний эрүүл мэнд, байгаль орчныг мөнгөн усны бохирдлоос хамгаалах зорилготой нийт 21 шийдвэрийг баталжээ.

Тухайлбал арьс цайруулагч гоо сайхны бүтээгдэхүүнийг устгах хүчин чармайлтаа нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.

Ийм бүтээгдэхүүний найрлагад мөнгөн ус орсноор меланины үйлдвэрлэлийг дарангуйлж, арьсыг цайруулдаг.

Гэхдээ энэ нөлөө байнгын биш тул олон давтамжтай хэрэглэх нь хүний эрүүл мэндэд хортой гэж үздэг байна.

Үүнээс гадна улс орнууд жижиг хэмжээний алт олборлолтод мөнгөн ус ашиглахаа зогсоох, PVC хуванцрын гол орц болох VCM (Vinyl Chloride Monomer)-ийн үйлдвэрлэлд мөнгөн усны найрлагагүй катализатор ашиглах зэрэгт хүчин чармайлтаа нэмэгдүүлэхээр тохиролцжээ.

 

Эх сурвалж: AFP