Хүн амын урт наслалтаар дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг Итали улсад энэ онд 2,000 гаруй хүн 100 насны босгыг давжээ.
Тус улсын статистикийн төв байгууллагын мэдээлснээр 2024 онд 100 давсан настнуудын тоо 21,211 байсан бол энэ онд 23,548 болж нэмэгдсэн байна.
Энэ нь 2009 онтой харьцуулахад хоёр гаруй дахин өссөн үзүүлэлт болжээ. 2025 онд 100 насны босго давсан хүмүүсийн 82.6 хувь нь эмэгтэй байна.
Арваннэгдүгээр сарын 22-ны өдөр 115 насны ойгоо тэмдэглэх Кампаниа мужийн оршин суугч Люсиа Лаура Санженито тус улсын хамгийн өндөр настай, Европын гурав дахь өндөр настай эмэгтэй юм.
Түүний өмнө Их Британийн 116 настай иргэн Этел Кэтерхэм, тавдугаар сард 115 нас хүрсэн Францын иргэн Мари-Роуз Тессьер нар бичигдэж байна.
Италийн хойд бүсийн Педмонт мужийн оршин суугч Эмма Морано 2017 онд 117 насандаа таалал төгсөх хүртэл 11 сарын турш дэлхийн хамгийн өндөр настай хүнд тооцогдож байжээ.
Италийн хамгийн өндөр настай эрэгтэй болох Витантонио Ловалло өчигдөр 111 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн байна.
Сүүлийн жилүүдэд Европын Холбооны орнуудад 100 давсан настнуудын тоо хурдтай нэмэгдэж байгаа. 2019 онд ийм өндөр настнуудын тоо 96,600 байсан бол 2050 онд хагас саяд хүрэх тооцоотой байна.
Хүн амынх нь тоонд харьцуулсан 100 настнуудын тоогоор Европ тивд Франц, Итали, Грек улсууд тэргүүлдэг.
Италийн хүн амын өндөр наслалтыг "Газрын Дундад тэнгисийн дэглэм" гэгддэг эрүүл хооллолт, нийгмийн хүчтэй харилцаа, эрүүл мэндийн сайн системтэй холбоотой гэж үзэж байна.
Нөгөө талаар Итали улсын хүн ам хөгширч, төрөлт багассан нь тэтгэврийн болон эрүүл мэндийн системийн ачааллыг нэмэгдүүлж, эрх баригчдын толгойн өвчин болоод байгаа.
2024 онд тус улсад 370,000 хүүхэд мэндэлсэн нь 1861 онд нэгдсэн улс байгуулагдсанаас нь хойших хамгийн доод үзүүлэлт болжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!