Уншиж байна ...

АНУ-ын засаг захиргаа Сирийн ерөнхийлөгчийн нэрийг террористуудын хар жагсаалтаасаа хаслаа

Т.Давааням, ikon.mn
2025 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын засаг захиргаа ирэх долоо хоногт Вашингтон хотод ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах Сирийн ерөнхийлөгч Ахмед аль-Шараагийн нэрийг өчигдөр террористуудын хар жагсаалтаасаа хассан байна.

Тухайлбал АНУ-ын сангийн яам “Specially Designated Global Terrorist” жагсаалтаасаа Аль-Кайдатай холбоотой зэвсэгт бүлгийн дайчин асан аль-Шараагийн нэрийг хасаж буйг Баасан гарагт мэдэгджээ.

Өмнөх өдөр нь буюу Пүрэв гарагт НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл мөн бэлгэдлийн чанартай хориг арга хэмжээний жагсаалтаасаа түүний нэрийг хассан юм.

Ингэснээр олон жил иргэний дайны хөлд нэрвэгдсэн Сири улс дэлхийн эдийн засаг, улс төрийн тавцанд байр сууриа олох боломж нээгдэж байна.

Тус улсыг олон арван жил захирч байсан Башар аль-Ассадын дэглэм 2024 оны арванхоёрдугаар сард унасны дараа Ахмед аль-Шараа шинэ ерөнхийлөгчөөр томилогдсон юм.

Вашингтон болон НҮБ өчигдөр бас Аль-Кайдатай холбоотой зэвсэгт бүлгийн дайчин асан, Сирийн дотоод хэргийн сайд Анас Хасан Хаттабын нэрийг хориг арга хэмжээний жагсаалтаасаа хассан байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Цагаан ордонд Аль-Шараатай уулзах төлөвлөгөөтэй байгаа.

Тэд өмнө нь энэ оны тавдугаар сард Саудын Арабт болсон айлчлалын үеэр уулзаж байсан юм.

Энэ уулзалтын үеэр Сирийн эдийн засгийг сэргээхэд саад учруулж буй Ассадын дэглэмийн үеийн хориг арга хэмжээнүүдийг цуцлах шийдвэрийг Трамп зарлаж байлаа.

НҮБ хориг арга хэмжээний жагсаалтаасаа Сирийн ерөнхийлөгчийн нэрийг хассаныг АНУ-ын сенатын гадаад харилцааны байнгын хороо сайшаахдаа “Сирийн эдийн засгийг 21 дүгээр зуунд авчрах цаг болсон” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: AFP