Нийслэл дэх Жендэрийн салбар хороо өнөөдөр хуралдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны талаар хэлэлцэв. Энэ үеэр Боловсролын салбар дахь жендэрийн эрх тэгш байдлын талаар танилцууллаа.
Энэ тухай нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин "Нийслэлийн цэцэрлэгт суралцдаг 124,000 хүүхдийн 63,775 нь эрэгтэй, 60,000 эмэгтэй бол 16,000 багш, ажилтны 2,000 нь эрэгтэй бол 14,000 нь эмэгтэй. 1,100 удирдах ажилтны 1,078 нь эмэгтэй бөгөөд цэцэрлэгт 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд ажиллаж байна.
Ерөнхий боловсролын 332 сургуульд 413,000 хүүхэд суралцдаг. Эдгээрийн 208,000 эрэгтэй, 204,000 эмэгтэй сурагч байна. 26,000 багш, ажилтнаас 5,135 нь эрэгтэй, 21,000 эмэгтэй багштай. 1,592 удирдах ажилтны 421 нь эрэгтэй, эмэгтэй 1,171 багш, ажилтантай. Сургууль, цэцэрлэгийн багш, ажилтны түвшинд эмэгтэйчүүд давамгайлж байна.
Улаанбаатар хотод 12 сургуулийн 14 дотуур байранд 1,409 хүүхэд хамрагдаж байна. Бага ангийн 288, эрэгтэй 829, эмэгтэй 580 хүүхэд дотуур байранд байдаг. Тэмүүжин өрлөг, 29 дүгээр сургууль, Консерватор хөгжмийн сургууль, хувийн өмчийн Green school, Тэрэлж вординг зэрэг сургуулийн хүүхдүүд ихэвчлэн дотуур байрны үйлчилгээнд хамарч байгаа. Төсвийн болон олон улсын байгууллагын тусламж, дэмжлэгээр дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулж байна. Тухайлбал өнгөрсөн жил 29 дүгээр сургуулийн засварыг нийслэлийн төсвийн 4.8 тэрбум төгрөгөөр засварласан. Одоо тус сургуульд ойролцоогоор 30 жил засвар хийхгүй. Дэлхийн Зөн олон улсын байгууллагаас 74 дүгээр сургуулийн дотуур байр, хичээлийн танхимыг засварлаж байгаа. Консерватор хөгжмийн сургуулийн засварын хөрөнгө оруулалтууд хийгдэж байгаа" гэж статистик үзүүлэлтүүдийг танилцуулав.
Үргэлжлүүлэн "2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн болон төрийн бус нийт 332 сургуулийн 6-12 дугаар ангийн 224,000 гаруй сурагч хувийн эрүүл ахуй ба орчны эрүүл мэнд, хооллолт ба хөдөлгөөн, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, аюулгүй байдал, анхны тусламж хөтөлбөрийн хүрээнд хичээл судалж байна. Эдгээр хөтөлбөрийг судалснаар сурагчид дараах мэдлэгийг олж авах юм.
Нийслэлийн 206 сургуульд 241 сэтгэл зүйч ажиллаж байна. Энэ оны аравдугаар сарын байдлаар сэтгэл зүйчийн үйлчилгээг нийт давхардсан тоогоор 14,600 суралцагч авсан байна.
Бүх шатны боловсролын сургалтын байгууллагад ажиллаж буй сэтгэл зүйчийг жендэрийн чиглэлээр мэргэшүүлдэг. Сурагчдад тэгш, хүртээмжтэй боловсрол олгох, дотуур байранд амьдардаг сурагчдыг дэмжих, ЕБС-ийн суралцагчдыг хорт зуршил, болзошгүй эрсдэлт зан үйл болон жендэрийн хэвшмэл ойлголтоос сэргийлэх үйл ажиллагаанд эцэг эх, багш, сурагчид (охид, хөвгүүд)-ын клуб, бүлгээр дамжуулан хамруулдаг" хэмээн мэдээллээ.
Үе тэнгийн дээрэлхэлт их байна гэж байгаа боловч нийт тохиолдлын 80 хувь нь дээрэлхэлт бус харилцан маргаан байдаг. Хүчтэйгээсээ хүчгүй рүү чиглэсэн тодорхой системтэй, зорилготой, үе шаттай үйл ажиллагаа байна гэж үзвэл суурь ойлголт багатай хүмүүс харилцан маргалдчихаад намайг дээрэлхлээ гэдэг байна. Жендэр, үе тэнгийн дээрэлхэлтийн суурь ойлголтыг зөв өгч, нийгэмд үүсэж буй тохиолдолд зөв реакц гаргахад дэмжлэг үзүүлэх ажлуудыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулдаг.
Хүйсийн ялгаатай байдалд дүн шинжилгээ хийж, хөвгүүдийн боловсрол, хүртээмжийн зөрөөний шалтгаан нөхцөлийг судалж, хэрэгжүүлэх том ажил бий. Ерөнхий боловсролын түвшинд эрэгтэй багшийг дэмжиж ажиллах шаардлагатайг тэрбээр онцлов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!