Уншиж байна ...

С.Мөнхбат: NMN гэх бүтээгдэхүүнийг зөвхөн Монгол Улсад борлуулж байна. Үнэхээр ид шидтэй зүйл юм бол дэлхийн бусад улсад яагаад хориглосон байдаг вэ?

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 11 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улсад зарагддаг NMN гэх бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллийг иргэн С.Мөнхбат сошиалаар дэлгээд буй.

Тэрбээр цахим орчинд "Ай Ёо Доктор"-ын эмч гэдгээрээ танигдсан иргэн Б.Дугархүүгийн худалдаалдаг NMN гэх бүтээгдэхүүнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан ч хэрэг үүсгэлгүй хааж байсан бол энэ удаад Эрүүгийн цагдаагийн Мөрдөн байцаах албанаас сэргээн шалгах болсон байна.

Харин иргэн Б.Дугархүү энэ асуудлаар иргэний шүүхэд гомдол гаргажээ. Үүний дараа С.Мөнхбатын хүүхдийнх нь данс хаагдсан аж. 

Эдгээр асуудлаар иргэн С.Мөнхбат Төв талбайд өнөөдөр мэдээлэл  хийлээ. Түүнийг мэдээлэл хийх үеэр NMN гэх бүтээгдэхүүн оруулж ирдэг компанийн төлөөлөл мөн тэнд очсон байв. Тухайн компанийн зүгээс С.Мөнхбатын хүүхдийнх нь дансыг хаалгах хүсэлт гаргаагүй гэдгээ сэтгүүлчдэд онцолж байлаа. 

Иргэн С.Мөнхбат "Б.Дугархүү эмчийн оруулж ирдэг гэх NMN гэх бүтээгдэхүүн нь Монгол Улсын эмийн бүртгэлд байдаггүй. Гэтэл эмч өөрөө энэ бүртгэлд байдаг гэж ярьдаг. Монгол Улсад бүртгэлтэй эрүүл мэндийн бүтээгдэхүүнийх нь нэрийг монголоор бичиж хайхаар өөр компанийн нэр гардаг. Намайг шүүхэд өгсөн компанийн нэр байхгүй.

Манай улсад хэрэгжиж буй эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиараа хил гаалиар нэвтэрч байгаа эмийн бүтээгдэхүүн нь борлуулалтад гарахдаа анх байсан шошготойгоо мөргөлдөх ёстой. Анх оруулж ирэхдээ 120 ширхэгтэй эмийн бүтээгдэхүүн гэж байсан бол өчигдөр би өөрөө дэлгүүр дээрээс нь худалдаж авахад 60 ширхэгтэй гэж байна. 

Энэ бүтээгдэхүүн нь үнэхээр эрүүл мэндэд сайн юм бол яагаад шинэ савлагаанаасаа яагаад эмийн тунг нь бууруулж байгаа вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хүний биед сөргөөр нөлөөлөх гаж нөлөө илэрсэн учраас л эмийн тунг нь багасгадаг.

Өмнөх буюу хуучин савлагаанд нь өдөрт хоёрыг 500 мгтай уух заалт байсан бол шинэчлэгдсэн саванд өдөрт хоёрыг 250 мг болж бууруулсан.

Хоёрдугаарт Монгол Улсад танилцуулсан бүтээгдэхүүн нь үйлдвэрлэдэг улсынхаа албан ёсны танилцуулгатайгаа таарах ёстой байдаг. Гэтэл зөвхөн гадна талын шошго дээрээс л гэхэд маш олон алдаа бий. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ч бай, эм ч бай манай улсад орж ирээд зарагдаж л байгаа бол гадна савлагаа дээрх тайлбар нь нэг үсэг ч зөрөх ёсгүй.

Дэлхийд өрсөлддөг том компани ийм жижиг алдаа гаргахгүй. Тэгэхээр эмчийн оруулж ирсэн гэх бүтээгдэхүүнийг хаана үйлдвэрлэсэн байж болох вэ гэдгийг иргэд тунгаах хэрэгтэй.

Би хувьдаа тухайн эмчийг монголчуудын эрх ашгаас хэдийнээ урвасан гэж хардаж байна. 

Мөн дэлгүүр дээр нь очоод эмийн бүтээгдэхүүний гэрчилгээг нь харахад биологийн идэвхт бүтээгдэхүүний гэрчилгээ гэж бичиг харуулсан. Биологийн идэвхт бүтээгдэхүүн гэдэг бол хүнсний нэмэлт бүтээгдэхүүн биш. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэдэг нь эм ч биш, хоол ч биш зүйлийг хэлнэ. 

Биологийн идэвхт бүтээгдэхүүн гэдэг нь эм, хүнсний нэмэлт гэсэн хоёр зүйлийн нэгдмэлийг хэлдэг. Хүнсний нэмэлт бол хүний биед хоргүй бол биологийн идэвх бүтээгдэхүүнийг хэтрүүлбэл хүний биед сөргөөр нөлөөлж болно. 

Энэ бүтээгдэхүүнийг борлуулдаг албан ёсны сайт дээрээс нь та бүхэн ороод харж болно. Тэнд зөвхөн Монгол Улсад албан ёсоор борлуулдаг гэсэн мэдээлэл байгаа. Яагаад чанартай бүтээгдэхүүнийг ганцхан манай улсад зарж байгаа вэ? 

Уг бүтээгдэхүүнийг Австралид худалдахыг хориглосон байдаг. Манай улсын эм, эмнэлгийн хэрэгслийн хуульд ч тодорхой заасан байгаа. Бусад улсад хориглогдсон эмийг манайд ч оруулж ирэхийг хориглодог.

Энэ эм үнэхээр эрчүүдийн бэлгийн сулрал, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үеийн өвдөлтийг анагаадаг, хөгшчүүлийг залуужуулдаг ид шидтэй юм бол тэрийгээ баталсан зүйл харуулах ёстой" гэв.