Уншиж байна ...

Өөрийн ажлыг хөнгөлөх зорилгоор 10 өвчтөний аминд хүрсэн сувилагч Германы шүүхээс бүх насаар хорих ял сонсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өөрийн ажлыг хөнгөвчлөх зорилгоор 10 өвчтөний амийг хөнөөж, 27 хүний аминд халдахыг завдсан сувилагчид Германы шүүх өчигдөр бүх насаар хорих ял оноожээ.

Нэрийг нь нууцалж буй энэ эрэгтэй сувилагч шөнийн ээлжийнхээ үеэр өөрийн ажлын ачааллыг хөнгөлөх зорилгоор ихэвчлэн өндөр настай өвчтөнүүдэд тайвшруулах үйлчилгээтэй тариаг өндөр тунгаар шахдаг байсан байна.

Тэрбээр гэмт хэргээ 2023 оны арванхоёрдугаар сараас 2024 оны тавдугаар сарын хооронд Германы баруун бүсийн Вюрселен хотын эмнэлэгт үйлджээ.

Одоо мөрдөгчид түүний үйлдсэн байж болзошгүй хэд хэдэн сэжигтэй тохиолдлыг шалгаж байгаа юм байна.

Уг сувилагч 2007 онд мэргэжлийн сургууль төгсөж, 2020 оноос Вюрселен хотын эмнэлэгт ажиллаж эхэлжээ.

Тэрбээр өвчтөнүүдэд морфин болон булчин сулруулах тариа шахдаг байсныг тогтоосон байна.

Шүүгч уг гэмт хэргийн онцгой харгис хэрцгий, хүнд байдлыг харгалзан үзээд 15 жилээс өмнө суллагдахгүй байх нөхцөлтэй ялыг оноожээ.

Мөрдөгчид хэрвээ өөр хохирогчдыг нэмж илрүүлбэл түүний хэргийг дахин шүүх юм байна.

Өмнө нь Германы хойд бүсийн хоёр эмнэлэгт 85 өвчтөний амийг хөнөөсөн сувилагч Нилс Хёгел 2019 онд бүх насаар хорих ял сонсож байсан юм.

Тэрбээр 1999-2005 онуудад өөрийн асрамжид байсан өвчтөнүүдэд зүрхний эмийг өндөр тунгаар өгдөг байсан нь мөрдлөгийн үр дүнд тогтоогдож байжээ.

Хёгелийг Германы орчин үеийн түүхэнд төрсөн хамгийн олон хүний амийг хөнөөсөн алуурчин гэж үздэг байна.

 

Эх сурвалж: BBC