Уншиж байна ...

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн санаачилсан Ухаа худагийг шалгах "Хянан шалгах түр хороо"-г өнөөдрийн чуулганаар батална

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 11 сарын 6
IKON.MN
Зураг зураг

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүнээс 2025 оны аравдугаар сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцжээ. Уг асуудлыг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар мөн хэлэлцэх юм. 

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан байна. Тэрбээр танилцуулгадаа "Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “… Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан, төрийн нийтийн өмч мөн” хэмээн заасан байдаг. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтоохоор зохицуулсан бөгөөд гагцхүү Улсын Их Хурал бүх ард түмнийг төлөөлөн байгалийн баялаг, стратегийн ордуудыг захиран зарцуулах онцгой эрхтэй хэмээн хуульчилсан.

зураг
 

Тавантолгойн чулуун нүүрсний ордын хайгуулыг БНМАУ 1940-1990 он хүртэл 50 жилийн хугацаанд улсын төсвөөс санхүүжүүлсээр ирсэн бөгөөд тус ордын бүрэлдэхүүн болох Ухаа худагийн хэсгийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэлгүй шийдвэрлэсэн эсэх талаар дүгнэлт гаргаж, баримт бичгүүдийг нотлон шинжилж, иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор 33 гишүүн тогтоолын төслийг санаачлан, өргөн мэдүүлсэн.

Хянан шалгах түр хорооноос Тавантолгойн бүлэг ордод хамаарах тусгай зөвшөөрөлтэй талбайн ашиглалт Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, холбогдох баримт бичиг үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хяналт шалгалт хийснээр стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн бүлэг ордтой холбогдуулж олон нийтийн мэдэх эрх хангагдаж, иргэд Тавантолгойн бүлэг ордод хамаарах тусгай зөвшөөрөлтэй талбайн ашиглалт, эдийн засгийн үр өгөөж, нөөцийн талаар бодит мэдээлэлтэй болно хэмээн үзсэн" хэмээв.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Уянга, Ч.Лодойсамбуу нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тавантолгойн бүлэг ордын Энержи Ресурс компанийн эзэмшиж байгаа Ухаа худагийн хэсгийн тусгай зөвшөөрөл нь 2006 онд Ашигт малтмалын тухай хууль шинэчлэгдэхээс өмнө олгогдсон буюу асуудал байхгүй гэдэг аудитын дүгнэлт 2012 онд гарсан байгааг Б.Уянга гишүүн хэлээд, хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийн хүрээ өмнө нь хянан шалгагдсан асуудлуудаар дахин шалгахаар, давхардсан гэж үзэж байгаа тул төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлэв. Ухаа худагийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжиж буйгаа Ч.Лодойсамбуу гишүүн илэрхийлээд тусгай шалгалтын сэдвийн хүрээтэй холбоотой тодруулга хийж, төсөл санаачлагч болон Байнгын хорооны даргаас хариулт авсан.

Ийнхүү гишүүд асуулт асууж, тодруулга хийсний дараа Байнгын хорооны дарга Р.Сэддорж нам, эвслийн бүлгүүдээс хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллуулахаар ирүүлсэн нэрсийг, эдгээр гишүүн нь тухайн асуудлын хүрээнд ашиг сонирхлын зөрчилгүй болохыг тэмдэглээд, Улсын Их Хурлын тогтоолын төслийг уншиж танилцууллаа. 

Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулсан Тавантолгойн нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай Ухаа худаг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайн ашиглалтын үйл ажиллагаатай холбогдуулж хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийг “Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай Ухаа худаг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах үйл ажиллагаа, олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, холбогдох баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх”-ээр төсөлд тусгажээ. 

Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ хязгаарыг мөн тусгасан байна. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай Ухаа худаг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг эзэмшигч хуулийн этгээдийн оруулсан хөрөнгө оруулалт, олборлосон нүүрс, үйл ажиллагаа, мөнгөн урсгалд дүн шинжилгээ хийхээр тусгай шалгалтын хүрээ хязгаарыг тогтоох нь зүйтэй хэмээн үзсэн байна.

УИХ-ын хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд олонхыг төлөөлж Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай, М.Ганхүлэг, Л.Оюун-Эрдэнэ, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, С.Эрдэнэбат нар, цөөнхийг төлөөлж О.Алтангэрэл, Ж.Баясгалан, Р.Батболд, Л.Мөнхбаясгалан, А.Ундраа, Л.Энхнасан, Р.Эрдэнэбүрэн нар ажиллах юм байна.



“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Хянан шалгах түр хороо байгуулах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7 дахь заалт, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.3 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулсан Тавантолгойн нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайн ашиглалтын үйл ажиллагаатай холбогдуулж хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийг “Таван толгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах үйл ажиллагаа, олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, холбогдох баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх”-ээр тогтоосугай.

2. Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ хязгаарыг доор дурдсанаар тогтоосугай:

1/Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгаж, дүгнэлт гаргах;

2/Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордоос олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгах;

3/Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг" ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг эзэмшигч хуулийн этгээдийн оруулсан хөрөнгө оруулалт, олборлосон нүүрс, үйл ажиллагаа, мөнгөн урсгалд дүн шинжилгээ хийх.

3. Улсын Их Хурлын хянан шалгах түр хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Олонхыг төлөөлөн: Улсын Их Хурлын гишүүн

Цөөнхийг телөөлөн: Улсын Их Хурлын гишүүн

4. Тусгай шалгалтыг иж бүрэн хэрэгжүүлж, тайлан, санал, дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэгт заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулахыг хянан шалгах түр хороонд даалгасугай.

5. 5.Энэ тогтоолыг 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.