Уншиж байна ...

Энэ сарын 1-3-нд иргэд замын хөдөлгөөний зөрчлийн тухай 12,824 мэдээллийг 102 аппликэйшнд илгээжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн 102 аппликэйшнээр зөрчил мэдээлсэн иргэн урамшуулал авах журам энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

Зөрчлийг мэдээлэхдээ орчны тэмдэг тэмдэглэгээг харуулсан, тухайн машины улсын дугаар тодорхой харагдах нягтаршил сайтай зургийг оруулах шаардлагатай юм. Мөн зөрчлийг давхардаж мэдээлбэл систем хүлээн авахгүйгээр буцаах аж. 

102 аппликэйшн ямар тохиолдолд зөрчлийн мэдээллийг буцаах талаар Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв(ЗХУТ)-өөс тодруулахад "Өмнө мэдээлэгдсэн зөрчлийг өөр иргэн дахиж илгээхээр аппликэйшнд хандвал "Зөрчил илгээгдсэн байна" гэсэн утгатай мэдэгдэл гарч байгаа. Өөрөөр хэлбэл нэг зөрчил дээр нэг л мэдээлэл хүлээн авна. Давхардуулахгүй.

Мөн байршил тодорхойгүй, нягтаршил бага буюу бүрсгэр, улсын дугаар тодорхой биш бол цуцлагдана" гэлээ.

Түүнчлэн ЗХУТ нь дамжуулагч байгууллага бөгөөд зөрчил бүртгэлийн ажилтнууд ирсэн мэдээллийг бүртгэж, хянаад Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-нд шилжүүлснээр торгуулийг эрх бүхий алба хаагч ногдуулах юм байна. 

Харин зөрчил мэдээлээд урамшуулал хэрхэн авах талаар тодруулахад "Жилд дөрвөн удаа урамшуулал олгоно. Тухайлбал 11, 12 дугаар сарын урамшууллын мөнгийг 2026 оны нэгдүгээр сарын 20-нд, 2026 оны 1-3 дугаар сард зөрчил мэдээлсэн иргэдийн урамшууллыг дөрөвдүгээр сарын 20-нд гэх мэтээр улирал дууссаны дараагийн сарынх нь 20-нд иргэдэд олгохоор төлөвлөсөн. Гэхдээ тухайн жолооч торгуулиа төлсөн тохиолдолд зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгоно" гэлээ. 

Энэ сарын 1-3-нд иргэд зөрчлийн 12,824 мэдээллийг 102 аппликэйшнд илгээжээ.

Эдгээр мэдээллийг ЗХУТ хянаж бүртгээд, ТЦА-ны эрх бүхий алба хаагчид илгээх юм. Улмаар ТЦА-ны алба хаагч мэдээллийг нягталж, торгууль оноох шийдвэрийг гаргана.