Уншиж байна ...

“Physical Asia” шоунаас хасагдах эхний улс өнөөдөр тодорч, “Багийн төлөөллийн тэмцээн”-ээр цааш үргэлжилнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн Нэтфликсийн “Physical Asia” шоуны хоёр шинэ анги өнөөдөр цацагдах гэж байна.

Шоунд өрсөлдөж буй Ази тивийн найман улсын багаас өнөөдөр хасагдах эхний баг тодрох юм.

“Бөмбөг булаацалдах” тэмцээнд өмнөх “Сүйрсэн хөлгөөс ачаа зөөх” тэмцээнд ялагдсан дөрвөн баг оролцоно. Тэдгээр нь Япон, Индонез, Филиппин, Тайландын багууд юм.

Тэд хоёр хоёроороо таван хэсэгтэй тэмцээнээр өрсөлдөх бөгөөд ялагдсан хоёр нь энэ шоунаас хасагдана.

Ялсан хоёр баг нь өмнөх тэмцээний ялагч Өмнөд Солонгос, Монгол, Турк, Австралийн багуудтай хамт “Багийн төлөөллийн тэмцээн” (Team Representative Match) нэртэй гурав дахь тэмцээнд өрсөлдөх ажээ.

Энэ тэмцээн нь дотроо дөрвөн төрөлтэй байх бөгөөд баг бүрээс сонгогдсон нэг төлөөлөгч төрөл тус бүрд өрсөлдөх гэнэ.

Хүний тэсвэр тэвчээрийн хязгаарыг шалгасан гурав дахь тэмцээний төрлүүд нь Солонгосын үндэсний уламжлалыг агуулсан “Hanging On”, “Stone Totem Endurance”, “Bag Passing”, “Pole Vaulting” нэртэй байх ажээ.

Төрөл бүрд эзэлсэн байраар (нэгдүгээр байр 3 оноо, хоёрдугаар байр 2 оноо, гуравдугаар байр 1 оноо) багууд оноо цуглуулах юм байна.

Эндээс хамгийн бага нийлбэр оноотой нэг баг хасагдах ажээ.

“Physical Asia” шоуны 5 ба 6 дугаар ангиуд өнөөдөр 16:00 цагаас Нэтфликс платформоор цацагдаж эхэлнэ.

 

Эх сурвалж: Maeil Business Newspaper