Танзани улсын ерөнхийлөгчийн сонгууль сөрөг хүчний олон нэр дэвшигчийг шоронд хорьж, өрсөлдөх эрхийг нь хассан нөхцөлд зохион байгуулагдаж өнгөрсөн юм.
Өнгөрсөн Бямба гарагт сонгуулийн ерөнхий хороо 98 хувийн санал авсан Самиа Сулуху Хассаныг ялагчаар зарлажээ.
Өчигдөр тэрбээр ерөнхийлөгчийн тангараг өргөж, хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлсэн байна.
Тангараг өргөх ёслолыг нийслэл Додома хотод хаалттай зохион байгуулж, зөвхөн телевизээр олон нийтэд үзүүлжээ. Энэ үеэр мөн цэргийн сүрт жагсаал зохион байгуулагдсан байна.
Хассан эхний удаа ерөнхийлөгчийн сонгуульд ялахдаа тангараг өргөх ёслолыг цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байжээ.
Гэвч бараг өрсөлдөгчгүй ялсан хоёр дахь сонгуулийнх нь дараа Танзани даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдаж, хэдэн зуун хүний амь үрэгдээд байна.
Олон улсын ажиглагчид энэ удаагийн сонгуулийн ил тод байдалд санаа зовж байгаагаа илэрхийлжээ.
Тухайлбал Танзани улс бүрэлдэхүүнд нь багтдаг Африк тивийн өмнөд бүсийн сонгуулийн ажиглалтын байгууллага Sadc өнгөрсөн сонгуулиар тус улсын иргэдийн ихэнх хэсэг “ардчилсан зарчмаар хүсэл зоригоо илэрхийлж чадаагүйг” хатуу анхааруулсан байна.
Санал хураалтын үеэр хуурамч саналын хуудас ашигласан, сөрөг хүчний нэр дэвшигчдийн саналыг дарсан зөрчлүүд гарсан байж болзошгүйг Sadc дүгнэжээ.
Танзанийн эрх баригчид сонгуулийн үр дүнд эсэргүүцсэн ард иргэдийн бухимдлыг дарахыг хичээж байна.
Лхагва гарагаас Даваа гарагийн үдээс хойш хүртэл улс даяар интернэт сүлжээг хаажээ. Тиймээс эсэргүүцлийн жагсаалын үеэр хэдэн хүн алагдсаныг мэдэх хэцүү байгаа юм.
Ерөнхийлөгч Хассан өчигдөр тангараг өргөснийхөө дараа сонгуулийг “эрсдэлгүй зохион байгуулсан” сонгуулийн ерөнхий хороондоо талархал илэрхийлжээ.
Энэ үеэр тэр бас эсэргүүцлийн жагсаалын үеэр хүний амь нас эрстэж, өмч хөрөнгө сүйдсэнд харамсал илэрхийлж, үүнийг Танзани улсын нэр хүндийг гутаасан үйл явдал гэж нэрлэсэн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!