Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Том шинэчлэл хийх удирдлагын сэтгэл зүй, итгэл, эрмэлзлэл надад байна

Өдрийн шуудан
2014 оны 1 сарын 21
Өдрийн шуудан
Зураг зураг
Жаргалсайхан de Facto нэвтруулгээрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой ярилцлаа

Жаргалсайхан de Facto нэвтрүүлгээрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой ярилцсан билээ. Шинэ оны эхний өдөр цэнхэр дэлгэцээр олон нийтэд хүрсэн энэхүү ярилцлагыг уншигчдадаа дахин хүргэж байна.

-Сайн байна уу, та?

-Сайн, сайн байна уу.

-Ерөнхийлөгч, өнөөдөр би тантай шинэ он гарсан энэ сайхан мөчид хийх ярилцдагаа ойролцоогоор нэг үеийн хүмүүсийн хувьд 1990 оны хоёрдугаар сарын 28-нд байна уу, 23 жилийн өмнө бид, улс төрийн намууд гуравдугаар сарын 4-ний жагсаалд бэлтгэнэ гээд цуглаад байсан тэр өдрийг дурсахаас эхэлье гэж бодлоо. Оюутны холбоо, Болд бид нар санаачлаад, та санаж байна уу?

-Тийм.

-Тэр хурал дээр гуравдугаар сарын 1-нд ямар үзэл бодлоор нийлэх юм бэ гээд баахан маргасан тийм ээ. Гончигдорж дарга, та, бид гурав байсан. Бид гурвыг ард түмнийхээ эсрэг зэвсэг битгий хэрэглэ гээд бичээд орхи гээд явуулахгүй юу. Тэгээд сууж байтал та “Бие бүрэлдэхүүн гэдэг юм байхгүй юу” гэж хэлсэн юм. Тэгэхэд би “Аан, энэ цэргийн хүн юм байлгүй” гэж бодоод бичиж байснаа санадаг. 23 жилийн өмнө хүмүүс цуглаад ард түмнийхээ эсрэг битгий зэвсэг хэрэглээч ээ, сонгууль явуулъя, Үндсэн хуулийг өөрчилье гэж ярьж байсан даа.

-Тийм.

-23 жилийн дараа хувь хүнийхээ хувьд эргээд харахад бид тэр үед бодож байсан ололт, амжилтдаа хүрсэн гэж үзэж байгаа. Тэр үед Улс төрийн товчооныхон гээд ард түмнээс тасарсан хүмүүс Нүхтэд тусгай байртай, хоёр машинтай байна гэж шүүмжилж байсан. Тэгтэл одоо юун Нүхтэд байртай, хоёр машинтай байх, уулын ам болгонд байртай болж. Тэр үед тэмцэж байсан хүмүүс дэндүү хичээчихээ юу даа гэсэн бодол танд төрдөг үү, үгүй юу?

-Төрөлгүй яах вэ. Тийм учраас бид хийх ёстой цэвэрлэгээ, засах ёстой засвараа хийгээд яваад байх хэрэгтэй байгаа юм. Хийгээд явсан юмнууд байгаа. Бас хийлгүй удсан юм их байна шүү дээ, Яг саяын өөрийн чинь ярьдаг зүйл, энэ төрөөс аж ахуйн үйл ажиллагаанд оролцож байгаа байдал, төрийн буруу авир, үүнийг бий болгосон буруу зүйлүүд байна шүү дээ. Энэ нь хийх ёстой зүйлээ хийлгүй удсаных. Нөгөө талаас яг одоо хийх цаг нь болжээ. Хийх цагт нь юмыг хийхгүй бол заримдаа энэ цаг чинь алдагддаг. Энэ нь бүр цаашаа муу байдалд дагуулдаг аюултай.

Яриад юм явахгүй байна, хууль болгоё гэж ярьсан. Тэгээд Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх хууль санаачилж оруулж байсан юм

-Та саяхан “Ухаалаг төр рүү” гэсэн томоохон чуулган хийлээ шүү дээ. Тэр чуулган дээр та “Дохио дуугараад удсан байна. Үүнийг анзаарахгүй байна гэж хэлж байна лээ. Энэ дохиог та сая нэлээд хүчтэй дуугаргалаа. Ямар бодол таныг ийм том чуулган хийхэд хүргэв, яагаад?

-Монголчууд төрөө өөрсдийнхөөрөө урлах боломж тийм ч олон удаа олдож байгаагүй. Бид Эзэнт гүрэн гэж том гүрэн байгуулж явж байсан. Түүнээс хойш уруудаж доройтсон. Манжийн эрхшээлд орсон. Дараа нь тодорхой хугацаанд эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж авсан.

Тэр байдал маань хэдэн жилийн дараа алдагдсан. Дахиад улс орноо бий болгоод явсан. Социалист гэдэг замаар явлаа. Тэгээд 20 гаруй жил энэ замаар явж байна. Ер нь энэ 500 жилд анх удаа олдож байгаа ганц боломж байж магадгүй шүү. Тэгэхээр энэ боломжоо бүгдээрээ зөв ашиглая.

Өнгөрсөн онд ‘Том төрөөс ухаалаг төр лүү” гэж миний ярьсан зүйл бол шинэ зүйл огт байгаагүй. Яагаад шинэ зүйл байгаагүй вэ гэхээр хүн бүхэн л ярьж байсан шүү дээ. Өөрөө ч гэсэн ярилцлага бүхэндээ, бичиж байгаа болгондоо дэвшүүлж тавьж байдаг тэр зүйлүүдийг, хүмүүсийн ярьдгийг системд оруулаад олон нийтэд хүргэсэн.

Энд ийм хүндрэл байна гэдгийг хэлсэн. Бид 20 гаруй жил ярьсаар байгаад ямар юмыг яаж засч болох вэ гэдгийг мэддэг болчихлоо. Тийм учраас ингэж засч болох юм байна гэдэг замын зураг, яаж засах тухай шийдлээ гаргаад л явж байгаа. Одоо бидэнд шийдвэр л хэрэгтэй.

-Таны энэ программын чанартай үзэл бодлыг ерөнхийдөө хүмүүс хүлээж авч байгаа. Хийхгүй юм бол таны ярьсан тэр том боломжийг бид алдана. Асуудал бидний дотор байгаа гэж байна шүү дээ. Ухаалаг төр ухаалаг хүнээс эхэлдэг юм байна. Таны энэ программыг яаж дэмжмээр юм гэж бодоод зарим орны туршлагыг харахад ч гэсэн тэгж байна. Оньс нь юунд байна гэж та бодож байна вэ?

-Ер нь аливаа том шинэчлэл нэг юмыг их ярьдаг шүү дээ. Удирдлагын сэтгэл зүй, итгэл, эрмэлзлэл байна уу, үгүй юу. Энэ бол байна. Үүнийг л Ерөнхийлөгч илэрхийлж байгаа юм. Ерөнхийлөгч нь илэрхийлэхэд дагаад УИХ нь, Засгийн газар нь, улс төрийн намууд нь, бизнесийн байгууллагууд, олон нийт нь нэгдээд ажиллах хэрэгтэй.

-Та хоёр дахь хугацаандаа ажиллаж байгаа. Та энэ тухай хоёр ч удаа хэлсэн. Хэзээ хүртэл ажиллах өдөр судар нь тодорхой ганц хүн байна, энэ хугацаандаа бий хийнэ ээ гэж хэлсэн. Саяын хэлснээр хэрэгжүүлэх механизм байна уу, байгаа бол юу саад болох вэ?

-Зарим юман дээр улс төрийн манлайлал маш чухал байдаг. Энэ асуудал дээр улс төрийн манлайлал хэрэгтэй. Би гурав хувааж хараад байгаа юм. 30 хувь нь манлайлал, Ерөнхийлөгчийн санаачилга, шахалт, өөрт нь байгаа албан тушаал, эрх мэдэл, гүйцэтгэл тэр бүхнээ ашиглаад зүтгүүлэх. 30 хувьд нь бид зөвшилцөл олъё, намууд хоорондоо.

Бид чинь монгол хүмүүс шүү дээ, нэг хувь заяатай, нэг л хөгжлийн төлөө явж байгаа. 30 хувьд нь нийгмийн дэмжлэгийг авъя. Нийгмийн дэмжлэг нь байж байгаа гэж би бодож байна. Ингээд ажлаа хуваарилаад харахад боломжтой харагдаж байгаа юм.

-Саяын гурвaac харахад нийгэм дэмжиж байна, манлайлал байна, хувь хүний хувьд таны, би хийхгүй бол хэн хийх вэ гээд явж байгаа манлайлал байна. Үүнийг харж байна. Зөвшилцөлд хүрэхийн тул нэг асуудал байна. Өнөөдөр Монгол Улсад төрөөсөө том нам байна. Нам дотор намаасаа том фракц байна. Фракцын хүчний харьцаа нь их олон юмыг барьцаанд тавьж байна. Зарчмын асуудлуудыг ч тэр. Ийм юм хүрээд ирэхэд та үүнийг яаж тайлах вэ?

-Тайлах арга нь юу вэ. Фракц, нам гэдэг зүйл бол үзэгдлийн шинжтэй байгаад байгаа юм. Яг үндэстэй нь оролдоё. Төрөө бүрэлдүүлж байгаа хуультайгаа оролдоё. Сайд хүнээс юу хийж байгааг асуухад бодлого гаргаж байгаа гэдэг. Яамыг бодлогын яам гэдэг. Бодлогын яаманд аж ахуй, бизнес ямар хэрэгтэй юм. Түүн шиг яамыг бодлогод суурилсан болгоё. Ийм хуулийг нь гаргая. Хууль дээр нь хил хязгаарыг нь тавьж өгье.

Хил хязгаарыг нь тавиад төрийн үйл ажиллагааг зохицуулаад ирэхээр үзэгдэл болж гарч ирж байсан зүйлүүд нь засарч байх ёстой. Бид хүндрэлийг, шийдлийг хараад болохгүй юм байна гээд хараад суугаад байх юм бол шийдэж чадахгүй. Би нэг юмыг хэлж байгаа. Ухаалаг төр лүү шилжих гэдгийг хүмүүс их хүнд гэж харж байгаа. Би хувьдаа тийм их хүнд гэж бодохгүй байна. Ер нь хүн хийх ажлаа, технологио харж байгаа бол, талхчин хүн талх яаж хийхээ мэддэг бол түүнд хэцүү биш. Үйлдвэрлэлийн технологио мэддэг хүнд тухайн үйлдвэрлэлийг явуулах хэцүү биш. Улс төрд бид 24 жилийн турш технологид суралцлаа.

-Технологио мэдэхгүй бол яах вэ. Жишээ нь талхчин хүний ажлын байранд төмөрчин хүнийг тавьж болохгүй. Ажлын тодорхой шаардлага хэрэгтэй. Сайдын ажилд бүр том шаардлага тавих ёстой. Хорин хэдэн жилийн өмнө бидний дунд хэдэн хүн хэл мэддэг байлаа, ямар боловсролтой байлаа. Өнөөдөр бид ямар хүмүүстэй байна. Тухайлбал сайдын, мэддэгтэй байх, мэргэжлийн байх ёстой албан тушаалд тохиолдлын хүн тавихгүй байлгахын төлөө юу хийх ёстой юм бэ?

-Тэр шаардлагуудыг хуулиндаа оруулж өгөх хэрэгтэй. Өмнө нь хуулинд байгаагүй. Өнөөдөр шүүгчийг, прокурорыг томилоход ийм шаардлага тавина гэсэн хэдэн шаардлага байдаг. Яг сайд дээр аваад үзэхэд нарийн шаардлага байхгүй. Хамгийн гол асуудал томилоход биш. Буруу хүн томилогдсон байж болох юм. Хүнээ танихгүй байж болно оо доо. Буруу хүн байх юм бол өөрчилдөг механизмаа оруулж ирье. Манай хуулинд нэг л буруу юм байгаа.

Томилох тухай баахан заалт байдаг, харин өөрчлөх тухай байдаггүй. Би нэг юм хэлээд байгаа юм. Томилох тухай нэг заалт байдаг бол өөрчлөх тухай хоёр заалт оруул. Тэгж байж хариуцлага гэдэг юм чинь зөв болно. Тийм учраас өнөөдөр Төрийн сонгогдсон, томилогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох тухай хууль гэдэг тусдаа хууль оруулж ирж байна шүү дээ.

-Хариуцлага тооцохын тулд хийж байгаа зүйлийг нь хэмжих ёстой. Харьцуулж шалгах юм байх ёстой. Тэгж байж дүгнэлт хийнэ. Та анзаарч байна уу, төр засагт ажилладаг хүмүүс бүгд л төчнөөн юм хийнэ, тэдэн төгрөгийн ажил гэж дандаа орох юмаар яриад байдаг, харин гарах, гарсан үр дүнгийн талаар ярьдаггүй. Яг хэчнээн юм хийгээд, хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд ямар үр дүнд хүрэх юм бэ, хүрээгүй бол яах юм бэ гэдэг тухайд ямар механизмыг төрийн ажилд оруулж өгөх ёстой юм бэ?

-Шүүгчид хэрэг шийдэхдээ мэдүүлэг бөглөдөг. Хэн яаж нөлөөлөв гэж. Үүнтэй адил төрийн албан тушаалтан шийдвэр гаргахдаа мэдүүлэг бөглөдөг болъё гэж байгаа юм. Би Монголын хөгжлийн зорилт гэдэг юмыг хуульчилж гаргаж өгье гэж байгаа юм.

Энэ нь хэдхэн тодорхой тоотой зүйлүүдтэй байя, шийдвэр гаргахдаа түүнийгээ авч хардаг байя. Хажууд нь нэг хуудас байж байдаг. Монголын хөгжлийн зорилтод миний шийдвэр нийцэж байна уу, хоёрдугаарт миний гаргах гэж байгаа шийдвэр эдийн засгийн хувьд ашигтай юу, санхүүгийн хувьд боломжтой юу, нийгэмд ашигтай юу, магадгүй санхүүгийн хувьд ашиггүй байж магадгүй, гэхдээ нийгэмд асар ашигтай шийдвэр байж болно. Яг түүнийгээ бөглөдөг, тэр нь шийдвэр бүхэнтэй үлддэг байг. Өнөөдөр гарын үсэг зурах, шийдвэр гаргах гэдэг бол дурын зүйл болсон.

Тэр нь хадгалагддаггүй, заримыг нь нууц гэж байна, заримыг нь устгадаг. Гарсан шийдвэр бүхэн дугаартай, хадгалагдаад үлддэг болог. Түүнийг дараагийн томилогдож ирсэн сайд дарга нар харж байдаг болгоё.

Үнэхээр сайн хүн ажиллаж байсан бол тэр хүн энэ шийдвэрийг энэ үед ингэж гаргаж байсан байна, эдийн засгийн хувьд ашиггүй гэсэн мөртлөө нийгмийн хувьд ашигтай гэсэн гэж гаргасан байна шүү, одоо нийгмийн хувьд ашиггүй боллоо шүү гэж боддог байг. Тэр нь сурах бичиг болдог, тэр нь эргээд төрийн ой болж байх ёстой. Үүнийг л хуульчилж өгч байгаа юм.

-Таны энэ хууль хэзээ гарах юм?

-Заримыг нь бид боловсруулаад өргөн барьсан, заримыг нь өргөн барихаар бэлтгэж байна.

-Энэ хавраас хэрэгжиж эхлэх үү. Өөр хугацаа байхгүй шүү дээ.

-Тийм. Гармагцаа хэрэгжиж эхлэх ч хууль байна, тодорхой хэмжээнд шилжилт хийх шаардлагатай хуулиуд ч байна.

-Та сая төрийн гүйцэтгэх засаглалын албан ёсны хүмүүсийн тухай ярилаа. Давхар дээлтэй байх эсэх асуудлыг тогтвортой байдлын үүднээс одоо авч хэлэлцэхгүй гэсэн, ойлгож байгаа. Уг нь хүслээр бол өмнө хиймээр байгаа юм. Яамдын тухай санал ярьсан нь хоёр гурван ч удаа. Бүх яамыг нэг байшинд оруулъя гэсэн. Түүнийг хүмүүс дэмжиж байгаа байх. Өөр нэг санал байгаа юм. Улстөрийн намуудыг бас тэгвэл яасан юм бэ. Цагаан байшин байна. Нам төр барьж байхдаа өөрөө өөрийнхөө намд төрөөс мөнгө шийдээд байшин барьчихдаг. Та бас ярьж байсан. Ер нь тийшээ улс төрийн намуудыг оруулбал яасан юм гэж. Давхар давхраар нь хуваарилаад. Газрыг нь хувьчлаад өр төлөхдөө хэрэглэвэл яасан юм. Та юу гэж бодож байна?

-Ер нь аливаа асуудлыг шийдэхдээ жагсаалт гаргадаг шүү дээ. Алинаас нь эхлэх нь маш чухал байдаг. Төрөөс шийдвэр гаргах гэж байгаа, нөгөө манлайлал үзүүлж хөтөлж явах гэж байгаа хүмүүс аль асуудлаа эхэлж шийдүүлэх вэ, аль асуудлыг шийдүүлсний дараа нөхцөл байдал бүрдээд дараагийн асуудлын шийдэл рүү явах вэ гэдэг эрэмбээ сайн харж шийдэх хэрэгтэй. Энэ яригдаж байгаа асуудлуудыг бид шийдэхийн төлөө л ажиллах ёстой.

-Зарчмын хувьд бол байж болох асуудал уу?

-Байж болох асуудал. Гэхдээ үүнийг олон түмэн ярих хэрэгтэй, олон нийтийн дунд дэмжлэг, уур амьсгал бий болох шаардлагатай.

-Анаконда гэж Латин Америкт аварга том могой байдаг юм билээ, зургаан метр урт. Хүнийг барьж аваад хазаж биш, харин биеэ чангалаад л алчихдаг. Авлига яг түүн шиг юм шиг байгаа юм. Монголын авлигын суурь хаана байна гэхээр улс төрийн намуудын сонгуулийн санхүүжилт дээр байна. Намуудын санхүүгийн тайланг гаргадаг болгоё гэж ярьсаар байгаад бид 20-иод жилийг авлаа. Яагаад гаргадаг болохгүй байгаа юм бэ?

-Намууд ч, төрийн байгууллагууд ч санхүүгийн тайлангаа гаргах хэрэгтэй. Би Шилэн дансны хууль гэж хууль оруулж байна шүү дээ. Үүгээр нэг сая төгрөгөөс дээш мөнгө зарцуулах шийдвэр гаргасан бол тэр шийдвэр нь тухайн өдөртөө олон нийтэд ил тод болдог, вэб сайт, танилцуулах самбартаа тавьж байдаг болох юм. Тэр мөнгийг юунд зориулж гаргасан нь тодорхой байдаг болно.

-Сонгуулийн үеэр компаниуд аваад байгаа мөнгийг...

-Улс төрийн намын тухайд ийм гурван хууль гаргах шаардлагатай. Түүнээс өмнө би бас нэг хууль санаачлах хэрэгтэй. Улс төрийн болон бизнесийн үйл ажиллагааны тухай, олон нийтэд ашиг тустай үйл ажиллагааны тухай хууль гаргах хэрэгтэй юм. Улс төрийн үйл ажиллагаа эндээс эхлээд энд очоод дуусна, хил хязгаарыг хамгийн түрүүн тодорхойлж авах ёстой. Хууль хил хязгаарыг тодорхойлдог.

Тэр хил хязгаарыг давж гишгэвэл ямар хариуцлага тооцох вэ гэдгийг зохицуулахад зориулагдаж байгаа. Хамгийн гол шинж нь. Эхлээд үүнийгээ зохицуулна. Дараа нь Улс төрийн тухай, Намын санхүүжилтийн тухай хууль, Улс төрийн намуудын дэргэдэх сангуудын тухай хууль гэж гурван хууль байх шаардлагатай байна. Ийм гурав, дөрвөн юмнаас бүрдэх хэрэгтэй.

Манайхан болохоор Улс төрийн намуудын тухай хууль гээд нэг хуультай, асуудлыг их ерөнхий хардаг. Асуудлыг жижиглээд шийдэл шийдлийг нь хууль хуулинд нь тусгаж өгч байж хуулийг амьтай болгоно.

-2016 онд УИХ-ын сонгуульд орох намуудыг сүүлийн дөрвөн жилийн санхүүгийн тайлангаа жил жилээр нь гаргаж өг гэж шаардах боломж бий юу?

-Сонгуулийн хуульд тусгаж өгвөл болно. Тайлангаа тавьж чадахгүй байгаа намыг сонгуульд орох эрхийг нь хасахаар заагаад өгчихвөл тэгээд л явна.

-Та өөр нэг юм анзаарч байна уу. Улс төрийн намд хэчнээн сая долларын хандив өргөж байгаа бололтой, тэгж байж албан тушаал худалдаж авч байгаа бололтой байдаг. Хүмүүс үүнийг, өрөөн дотор байгаа том зааныг харахгүй байгаатай адил тойрч яриад байх юм. Энэ талаар та юу гэж бодож байна?

-Төрийн бүтэц гэдэг юмаа бид ярихын тулд улстөрийн намыг бүрэлдүүлж байгаа тэр юман дээрээ миний харж байгаагаар шийдлүүдийнхээ дарааллыг гаргаад шийдээд явъя. Зааныг бол хүмүүс олоод харчихсан байгаа. Нэгэнт нийгэм олоод харчихсан байгаа бол одоо тэр асуудлыг яах вэ гэдгийг шийдвэр гаргагчид шийдэх л хэрэгтэй.

-Одоо хоёулаа хотынхоо тухай ярья. Бидний хот. Өвөлдөө хэцуү байна. Олон жил ярьж байна. Хүмүүс өвдөж байна. Утааны асуудлыг хэзээ шийдэх юм бэ?

-Хамгийн их сэтгэл өвтгөж байгаа асуудал бол энэ. Би Ерөнхийлөгч болж гарч ирээд энэ тухай нэлээд яриад, түлхээд яваагүй. Хотын удирдлага, яамдтай уулзаж яриад, бүр болохгүй болохоор нь ҮАБЗ-ийг хуралдуулж байсан. Түүн дээр энэ асуудлыг хуулиар шийдье. Яриад юм явахгүй байна, хууль болгоё гэж ярьсан. Тэгээд Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх хууль санаачилж оруулж байсан юм. Тэр хууль 2011 оны хоёрдугаар сард батлагдсан.

Үргэлжлэлийг www.jargaldefacto.com вэб сайтаас уншина уу.

Зураг