Уншиж байна ...

Nvidia компани Өмнөд Солонгосын улсад хиймэл оюуны 260,000 ширхэг чип нийлүүлэхээр болсныг зарлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын хагас дамжуулагч үйлдвэрлэлийн аварга компани Nvidia 260,000 ширхэг GPU (graphics processing unit) чипийг Өмнөд Солонгосын засгийн газар, технологийн компаниудын хиймэл оюуны төслүүдэд зориулан нийлүүлэхээр болсныг Баасан гарагт зарлажээ.

Тухайлбал тус улсын Samsung Electronics, SK Group, Hyundai Motor Group, Naver Cloud Corp компаниуд тус тусын хиймэл оюуны дата төвүүдийг байгуулахдаа Nvidia компанийн хамгийн орчин үеийн Blackwell GPU чипийг ашиглахаар болсон байна.

Өмнөд Солонгосын засгийн газар солонгос хэлний LLM (large language model) загвар хөгжүүлэх үндэсний хэмжээний төслүүдэд 50,000 хүртэл чип хуваарилах гэнэ.

Samsung, SK, Hyundai группүүд тус бүр 50,000, Naver Cloud дангаараа 60,000 гээд нийтдээ 260,000 чип болж байгаа юм байна.

Одоо Өмнөд Солонгосын хэмжээнд 65,000 орчим Blackwell чип ашиглагдаж байгаа бол дээрх гэрээний дагаа 300,000 гаруй болж нэмэгдсэнээр тус улс АНУ-аас гадна дэлхийн хамгийн том хиймэл оюуны төвүүдийн нэг болох юм.

Nvidia компанийн гүйцэтгэх захирал Жэнсэн Хуан энэ өдрүүдэд APEC-ийн дээд хэмжээний чуулганы бизнесийн салбар хуралдаанд оролцохоор Өмнөд Солонгост ирээд байгаа.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюний урилгаар Пүрэв гарагт ирсэн тэрбээр ирснийхээ орой Samsung, Hyundai компаниудын ерөнхийлөгч нартай Сөүлийн нэг ресторанд уулзаж байв.

 

Эх сурвалж: Yonhap News