Пентагон өөрийн дотоод нөөцөө үнэлсний дараа алсын тусгалын “Томахавк” пуужинг Украинд нийлүүлэх боломжтой гэж дүгнэснийг АНУ болон Европын албаны гурван эх сурвалж баталжээ.
Одоо эцсийн улс төрийн шийдвэрийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гаргах юм байна.
Өнгөрсөн сарын эхээр Цагаан ордонд Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзахдаа Трамп “манай эх орныг хамгаалахад шаардлагатай зэвсгийг бусдад өгөх бодолгүй байна” гэж хэлсэн нь өөрийн хэрэгцээг нэгдүгээрт тавьсан хэрэг байлаа.
Тэгвэл Пентагон одоо байгаа нөөцөөсөө Украинд илүүчлэхэд асуудал байхгүй гэж дүгнээд байгаа юм байна.
Томахавк бол 1,600 орчим километрийн тусгалтай зэвсэг бөгөөд Оросын газар нутгийн гүнд орших эрчим хүчний байгууламжуудад довтлоход илүү үр дүнтэй гэж Украины эрх баригчид үзэж байгаа.
Пентагоны дүгнэлтэд баяртай байгаа болон АНУ-ын засаг захиргаанд одоо татгалзах шалтгаан байхгүй гэж үзэж байгаагаа Европын эх сурвалж мэдээлжээ.
Украинд нийлүүлэх Томахавк пуужингийн нөөц байгаа эсэхэд эргэлзэж байгаагаа Зеленскийд илэрхийлэхийн өмнөхөн Трамп утсаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй ярьж, Будапешт хотод уулзахаар тохиролцоод байсан юм.
Гэвч сүүлд тэр энэ уулзалтаа цуцалж, Оросын газрын тосны хамгийн том хоёр компанийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг зарласан.
Энэ нь Путин эхлүүлсэн дайнаа дуусгах хүсэл сонирхолгүй байгааг урьдчилж мэдсэнтэй холбоотой арга хэмжээ байв.
Гэхдээ Трамп зөвшөөрөл өгсөн ч Украины арми Томахавкыг шууд ашиглаж эхлэх боломжгүй гэж эх сурвалжууд үзэж байна.
Тухайлбал Томахавкыг тэнгисийн хөлөг болон шумбагч хөлгөөс харвах үндсэн зориулалттай байдаг бол хүчин чадал муутай Украины армийн тэнгисийн флотод ийм боломж бага.
Тиймээс хуурай газраас харвах шаардлагатай болох бөгөөд ийм харвагчийг бэлдэх асуудал нэмж яригдах ёстой гэнэ.
Гэхдээ эх сурвалжуудын нэг нь Украины инженерүүд НАТО-гийн орчин үеийн нисэх онгоцноос харвах үндсэн зориулалттай Их Британийн Storm Shadow пуужинг Зөвлөлтийн үеийн хуучин онгоцноос харвах боломжтой болгож байсныг дурдаад Томахавкын газрын харвагчийг ч бас богино хугацаанд зохион бүтээх чадвартай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Оросын газар нутгийн гүнд явуулж буй Украины агаарын довтолгоонууд Кремлийн дайны машиныг сулруулахад хамгийн үр дүнтэй байгаа гэж ажиглагчид үздэг.
Зеленский өнгөрсөн долоо хоногт “алсын цохилтын хүчин чадлаа энэ оны сүүлч гэхэд бүрэн нэмэгдүүлж, хамрах хүрээг нь газар зүйн хувьд өргөжүүлэх” төлөвлөгөөтэй байгааг зарлаж байв.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!