Уншиж байна ...

"Барилгын салбар сүүлийн таван жилийн хугацаанд дөрвөн сайдтай байлаа. Төрийн тогтворгүй байдлаас болоод манай салбарт бүх бодлого алдагдсан"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 10 сарын 30
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийгэм эдийн засгийн цаг үеийн асуудлаар Улсын Их Хурал (УИХ), Засгийн Газарт шаардлага хүргүүлэх болсон талаар Монголын Барилгачдын Нэгдсэн Холбооноос мэдээлэл хийлээ.

Энэ талаар тус холбооны тэргүүн Ч.Наранбаатар "Улс төрийн тогтворгүй нөхцөл байдлаас болоод эдийн засаг хүндэрч байна. Үүнээс болоод барилгын ажил гүйцэтгэж буй компаниудын санхүүжилт зогсож, зарим нэг хуулийн заалтаас болоод ажил урагшлахаа больсон.

Үүнийг шийдэх ёстой төр засаг маань яс булаалдсан нохой шиг хэмлэлдээд улсаа унагаачих вий гэсэн айдастай байна.

Бизнес эрхлэгчид бидэнд төр тогтвортой байх нь маш чухал. Ямар нэгэн байдлаар хулгай байгааг ард түмэн саяны зодооноор харж авлаа. Үнэхээр хулгай байдаг бол хууль, хүчний байгууллага нь шийдээч ээ. Улс төрийн тоглолт болгож байна.

Улс төрийн хямралаа бүү гүнзгийрүүлээч ээ гэдгийг төр барьж буй улс төрийн 4-5 намд уриалъя.

Төр хямарвал ард түмний амьдрал, улс орны эдийн засаг хүнд байдалд орно. Ингэснээр бизнесийн орчинд айдас үүсгэж байна. 

Төрийн тогтворгүй байдлаас болоод зөвхөн манай салбарт гэхэд 2020 оны сонгуулиас хойш дөрөв дэх сайдынхаа нүүрийг үзэж буй. Энэ хугацаанд Б.Мөнхбаатар, Ц.Даваасүрэн, Ж.Батсуурь, Э.Бат-Амгалан гээд сүүлийн таван жилийн хугацаанд дөрвөн сайдтай байлаа.

Одоо засаг төр дахин солигдвол таван жилийн дотор таван сайдтайгаа учрах нь. Үүнээс болоод манай салбарт ажилладаг 100,000 хүний эрх ашиг хохирдог. 

Сайд солигдохоор доор нь ажилладаг бүх газар, хэлтсийн дарга нар бас ижил замаар явна. 100 хувь биш юм аа гэхэд 70-80 хувь нь солигддог. Ингэснээр манай салбарт төрийн бүх бодлогууд алдагдлаа.

Үүний нэг жишээ нь барилгачдын цалин. 2009 онд авдаг байсан барилгачдын цалин 2024 оныг дуустал үргэлжилсэн. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа барилгын ажилчдын цалин зах зээлээс 2-3 дахин бага. 

Эмч, багш нар цалингаа нэмүүлэх гээд жагсаж байгааг бид дэмжиж байна. Бид тэдний хажуугаар орж жагсаал цуглаан хийхгүй. Гэхдээ цалингийн тарифын талаар бид 2021 оноос хойш ярьж байгаа.

Бид бүх үе шатаар нь явсаар УИХ-аас 52 дугаар тогтоол гаргуулсан ч тэр нь өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна. Төсвийн хэлэлцүүлэгт ч бид саналаа илэрхийлсэн. 

Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд Сангийн Яамнаас хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Барилгын Яаманд хандсан. Гэтэл яам ажлаа хийдэггүй. Үүнийг яагаад хийхгүй байна вэ гэхээр улс төрийн тогтворгүй байдал нөлөөлж байна гэж хардаж байна.

Өчигдөр бид гурван талт гэрээний асуудлаар яаманд шаардлага хүргүүлсэн. Энэ гэрээг аль таван сард хийх гэж байтал Засаг солигдоод хойшлогдсон. Сая аравдугаар сард хамтын хэлэлцээрийг хийхтэй холбоотойгоор Засгийн Газрын хуралдааны тэмдэглэл гарсан байгаа ч цаашаа ажил болдоггүй. 

Хоёрдугаарт улсын төсвийн орлого бүрдэж байгаа эсэхийг бидэнд нээлттэй мэдээлдэг байя. Үнэхээр төсвийн орлого бүрдэхгүй байгаа бол бид нар ажил хиймээргүй байна. Банкнаас зээл аваад ажил хийгээд байдаг санхүүжилтээ авч чадахаа больсон маш олон компани бий.

Нийслэлд энэ асуудал аль зургаадугаар сараас хойш гарч эхэлсэн. Төрийн хэмнэлтийн тухай хуулиар ажил хийсэн компаниуд хохирч байна. Тендерээ төр зарлаад гэрээгээ байгуулсан атлаа хэмнэлтийн хууль яриад мөнгөө өгдөггүй. Энэ хууль цар тахлаас хойш гарсан. Сүүлийн хоёр жил энэ хууль огт хэрэгжээгүй атлаа энэ жил улс төрийн зорилгоор ашиглаж байна гэж харж байгаа. Ийм асуудлуудаа шийдэх ёстой байтал хоорондоо талцаад байна" гэв.