АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалт өнөөдөр өглөө Өмнөд Солонгосын боомт Бусан хотод эхэллээ.
Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрэн худалдааны маргаан зөрчлөө энэ уулзалтаар арилгаж чадах эсэх нь анхаарлын төвд байна.
Тэд хамгийн сүүлд 2019 онд нүүр тулан уулзаж байжээ.
Ши Жиньпин өнөөдөр өглөө Өмнөд Солонгост хийх гурван өдрийн төрийн айлчлалаа эхлүүлсэн юм.
Харин Трамп өчигдөр буюу Лхагва гарагт Ази Номхон далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны (APEC) дээд хэмжээний чуулганд оролцохоор тус улсад айлчлан ирээд байв.
Уулзалтын өмнө хамт зураг авхуулахдаа Трамп “Бид өнөөдөр маш амжилттай уулзалт хийх болно” гэж хэлсэн байна. Дараа нь “Гэхдээ тэр маш хатуу хэлэлцээ хийдэг хүн. Энэ нь тийм ч сайн юм биш” гэж хошигножээ.
Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш Америк, Хятадын хооронд худалдааны дайн үргэлжилж байгаа.
Хамгийн сүүлд Бээжингийн эрх баригчид газрын ховор элементийн экспортдоо өндөр босго тогтоосон нь АНУ-ын технологийн компаниудын хувьд том цохилт болсон юм.
Худалдааны дайны оргил үед АНУ-ын засаг захиргаа Хятадын бараа бүтээгдэхүүний импортын татварыг 145 хувь, Хятадын тал АНУ-ын бараа бүтээгдэхүүний татварыг 125 хувьд хүргэж байлаа.
Өнгөрсөн тавдугаар сард талууд харилцан буулт хийснээр одоо Хятадын барааны импортын татвар 50 хувь, Америкийнх 10 хувьд хүрээд байна.
Трамп, Ши нарын уулзалтын бас нэг сэдэв аюулгүй байдлын асуудал байх нь тодорхой.
Тухайлбал Умард Солонгосын цөмийн зэвсэг, Хятад-Тайванийн зөрчил, Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаан үүнд багтаж байгаа.
Өчигдөр Өмнөд Солонгосыг зорих замдаа Тайванийн асуудал уулзалтын үеэр төдийлөн хөндөгдөхгүй гэж үзэж байгаагаа Трамп илэрхийлж байв.
“Бид Тайванийн талаар ярилцах эсэхийг сайн мэдэхгүй байна. Тэр үүнийг хөндөж магадгүй. Гэхдээ энэ талаар ярих юм тийм ч их биш. Тайвань бол Тайвань” гэж Трамп онгоцонд сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!