Уншиж байна ...

Б.Түвшин: Намайг нүүрсний хулгай болон 1xbet-тэй холбож сэвнэ гэж заналхийлж, 300 мянган ам.доллар нэхсэн

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 10 сарын 30
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Б.Түвшин өөрийн сошиал хаягаараа “Залуу улс төрчид, нэр цэвэр бизнесмэнүүдийг нийгмийн хамгийн муу муухай хар үзэгдлүүдтэй холбож, нэр төрийг нь гутаахаар дарамталж, мөнгө нэхдэг бүлэглэлүүд үүссэн байх магадлалтай байна. Нэхсэн мөнгийг нь өгөхгүй бол хамгийн болж бүтэхгүй зүйлтэй холбон мэдээлэл бэлтгэж цацна гэж шантаажилдаг бүлэглэлүүд байж болзошгүй байна.

Тухайлбал өнгөрсөн Даваа гарагт буюу аравдугаар сарын 27-нд нэгэн танил маань уулзаад “Нүүрсний хулгай болон 1xbet, мөрийтэй тоглоомтой холбоотой нэвтрүүлэг бэлтгэн цацаж, нэр төрд чинь халдана” хэмээн заналхийлж, 300 мянган ам.доллар нэхсэн.

Энэ бол зөвхөн надад биш залуу улс төрчид, бизнес эрхлэгчдэд нийтлэг тулгардаг байж болзошгүй зүйл учраас сэрэмжлүүлж байна” хэмээн ярьжээ.

Тэрбээр өнөөдөр Төрийн ордонд дээрх бичлэгтэй холбоотой тайлбар өгсөн байна.

УИХ-ын гишүүн Б.Түвшин “Миний нэг танил уулзаад та 1xbet-тэй их холбогдоод байсан. Үүнийг чинь сэвнэ, $300 мянгыг өг гэсэн нь үнэн. Би тийм зүйл байхгүй гэж хэлсэн.

Иймэрхүү үзэгдэлтэй тэмцэх ёстой, яагаад чимээгүй өнгөрөөнө гэж. Ингээд тэр постыг хийж цацсан.

1xbet-тэй холбоотой компани миний хөрөнгө орлогын мэдүүлэг дээр байгаа. Крипто бирж эрхэлдэг. Крипто арилжаа хийхэд л зориулагдсан байгууллага. Би хувь эзэмшдэг.

Шинэ гишүүдэд ийм дарамт үзүүлсэн тохиолдол байж магадгүй гэж бодож байгаа учраас сургамж болгох үүднээс хэлж байгаа юм.

Ахин ноцтой асуудал гарвал тухайн хүнийг зарлана" гэлээ.