Маргааш нээлтээ хийх дэлхийн эдийн засгийн Давосын уулзалтад жил бүр дэлхийн улстөр, эдийн засаг, бизнесийн лидерүүд цуглаж, эдийн засаг хөгжлийн талаар хэлэлцэн дүгнэлт гаргадаг юм.
Харин энэ удаагийн хэлэлцүүлгээр Монгол Улсын хөгжлийн эдийн засгийн ирээдүйн төлвийн талаар ярилцах гэж байгаа нь манай орны хувьд анхны тохиолдол юм. Монгол Улсын 2040 он хүртлэх хөгжлийн төлвийн талаар хэлэлцүүлэг гурван үе шаттай.
Эхний хэлэлцүүлэг нь өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатар хотноо болсон. Харин хоёр дахь хэлэлцүүлэг Их Британийн Лондон хотноо болжээ. Эцсийн буюу гурав дахь шатны хэлэлцүүлэг Давосын эдийн засгийн форумын хөтөлбөрт багтаж байгаа нь манай орны хувьд чухал ач холбогдолтой.
Уг форумд Монгол Улсыг төлөөлж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохоор эх орноосоо мордсон бөгөөд тэрбээр хэд хэдэн салбар хуралдаан, хэлэлцүүлэгт илтгэгчболон зочноор оролцох юм. Мөн Монголын үдэш арга хэмжээ уг форумын үеэр болох аж.
Ерөнхийлөгчтэй хамт Гадаад харилцааны сайд Л.Болд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар Швейцарийг зорьсон байна. Энэ удаагийн Давосын уулзалт “Дэлхийн өөрчлөн байгуулалт: Нийгэм, улс төр, бизнест үзүүлэх үр дагавар” сэдвийн дор болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!