Киевийн эрх баригчид ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүнд явуулах агаарын цохилтоо газарзүйн хувьд өргөжүүлэхээр бэлдэж байгааг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский зарлажээ.
Өчигдөр буюу Даваа гарагт тус улсын Зэвсэгт Хүчний Ерөнхий Командлагчийн штабын хурлаар уг асуудлыг хэлэлцсэн тухай тэр Телеграм хуудсаараа мэдээлсэн байна.
Зеленский уг төлөвлөгөөг “алсын зайн хориг арга хэмжээ” гэж нэрлэжээ.
“Гол сэдэв бол Оросын эсрэг алсын зайн хориг арга хэмжээ авах бидний чадавх юм. Бид тодорхой хугацаанд явуулсан алсын зайн цохилтынхоо үр дүнг шинжлээд амжилттай хэрэгжсэн гэж үзсэн. Оросын газрын тосны салбар хэдийнээ бодитой хохирол амсаж эхэлсэн бөгөөд цаашдаа ч улам их хохирох болно. Бид алсын зайн цохилтынхоо хүчин чадлыг газар зүйн хувьд өргөжүүлэх зорилтуудыг тодорхойллоо” гэж тэр мэдээлсэн байна.
Штабын уулзалтын үеэр нисгэгчгүй онгоц, пуужин үйлдвэрлэгчид, тэдгээрийг үр дүнтэй ашиглах, санхүүжүүлэх үүрэг бүхий хүмүүс, дипломатчид анх удаагаа нэг дор цугларсныг Зеленский бас мэдээлжээ.
Хамгийн үр дүнтэй зэвсэг үйлдвэрлэгчидтэй гурван жилийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд ийм гэрээний тоо цаашдаа ч нэмэгдэх гэнэ.
Төлөвлөсөн бүх цохилтууд энэ оны сүүлч гэхэд бүрэн хэрэгжихийг Зеленский амласан байна.
АНУ-ын засаг захиргаа өөрийн болон холбоотнуудын нийлүүлсэн алсын тусгалын зэвсгийн хязгаарлалтыг цуцалсан тухай The Wall Street Journal сонин өнгөрсөн долоо хоногт мэдээлж байв.
Тухайлбал Их Британийн нийлүүлсэн нисэх онгоцноос харвадаг Storm Shadow далавчит пуужингийн тусгалын хязгаарлалтыг цуцалсан тухай тус сонины эх сурвалж мэдээлжээ.
Уг зэвсгийн тусгал бараг 300 км хүрдэг юм.
Аравдугаар сарын 21-ний өдөр Украины арми ийм пуужингаар ОХУ-ын Брянск мужийн нутагт оршдог химийн үйлдвэрт довтолсон байна. Уг үйлдвэрт тэсрэх бодис, дарь, пуужингийн түлш зэргийг үйлдвэрлэдэг байжээ.
Украины эрх баригчид наймдугаар сарын эхээр Оросын нутаг дэвсгэрийн гүнд орших газрын тосны үйлдвэрүүдэд нисгэгчгүй онгоцоор довтлох томоохон ажиллагааг эхлүүлсэн нь нэлээд үр дүнд хүрээд байгаа юм.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!