Бага насны охины амийг зэрлэгээр хөнөөсөн Алжир гаралтай эмэгтэйд Францын шүүх Баасан гарагт бүх насаар нь хорих ял оноожээ.
Бүх насаар хорих ял бол Францын шүүхийн хамгийн дээд ял бөгөөд анх удаа эмэгтэй хүнд оноосон нь энэ юм.
27 настай Дахбиа Бенкиред гэгч энэ эмэгтэй 2022 онд Парис хотод 12 настай Лола Давиетыг хүчиндэж, тарчилган зовоож, амийг нь хөнөөж байжээ.
Энэ хэрэг Францын нийгмийг айдас түгшүүрт автуулж, цагаачлалын эсрэг хөдөлгөөнийг эрчимжүүлж байв.
Охины цогцсыг эцэг эхийнх нь ажилладаг газрын үүдний тээшний хэсгээс олж байжээ.
Шүүхийн дүгнэлтэд Бенкиредийн үйлдсэн хэргийг “онцгой харгис хэрцгий”, “жинхэнэ эрүү шүүлт”, “хүнлэг ёсноос гадуур” гэх зэргээр тодорхойлсон байна.
“Шүүх зохих шийтгэлийг оноохдоо уг хэргийн үгээр хэлэхийн аргагүй нөхцөл байдал, хохирогч болон түүний гэр бүлийн сэтгэл санаанд учруулсан үгээр илэрхийлэхийн аргагүй хохирлыг харгалзан үзлээ” гэж шүүгч мэдэгджээ.
Францын шүүхийн системд бүх насаар хорих ял 1994 онд анх бий болсноос хойш ердөө дөрвөн эрэгтэй шийтгүүлж байсан юм.
Онолын хувьд ийм ялтай хүмүүс 30 жилийн дараа өршөөл хүсэх эрхтэй болдог байна.
Гудамжны хяналтын камерт бичигдсэн дүрснээс харахад Бенкиред сургуулиасаа харьж явсан охинтой ярилцсаны дараа эгчийнхээ амьдардаг байранд дагуулан орж байжээ.
Тэрбээр охиныг хүчиндэж, хайч, цаас зүсэгчээр тарчилган зовоосны дараа наалддаг туузаар нүүрийг нь битүү ороосны улмаас амьсгал боогдон нас барсан байна.
Мэргэжилтнүүд Бенкиредийг сэтгэцийн хувьд эрүүл, хариуцлага хүлээх чадвартай гэж дүгнэжээ.
Тэрбээр хугацаа нь хэтэрсэн оюутны визээр Франц улсад оршин сууж байсан байна.
Шүүх хурлын үеэр Бенкиред өөрийгөө хэцүү амьдралтай гэр бүлд аавынхаа хүчирхийлэл дор хайр халамж амсалгүй өссөн, Алжир, Францын хооронд хүүхэд нас нь өнгөрсөн зэргийг мэдүүлжээ.
Тэрбээр 2013 оноос хойш Франц улсад амьдарч байгаа ч тогтсон ажилгүй, тогтмол оршин суудаг хаяггүй байсан байна.
Шүүхийн шийдвэр гарсны дараа Францын хэт барууны үзэлтэй улс төрийн хүчний удирдагчдын нэг Марин Ле Пэн оноосон ялыг сайшааж, гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэдийг “системчилсэн байдлаар хөөх” уриалгаа дахин дэвшүүлжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!