АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногт Өмнөд Солонгост айлчлах үеэрээ Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахад бэлэн байгаагаа мэдэгджээ.
Тэрбээр Баасан гарагийн орой Азийн орнуудын айлчлалаа Малайз улсаас эхлүүлэхээр нисэх үеэрээ энэ тухай сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Трамп ирэх долоо хоногийн Лхагва, Пүрэв гарагуудад Ази-Номхон далайн Эдийн засгийн Хамтын Ажиллагааны (APEC) байгууллагын дээд чуулганд оролцох юм.
“Хэрвээ тэр холбоо баривал би холбоо барих болно. Би түүнтэй хамгийн сүүлд уулзахдаа Өмнөд Солонгост ирж байгаагаа интернэтээр мэдэгдэж байсан. Хэрвээ тэр уулзахыг хүсвэл би уулзахад бэлэн байна” гэж Трамп энэ талаар ярьжээ.
Трамп, Ким нар хамгийн сүүлд 2019 оны зургаадугаар сард хоёр Солонгосын хил дээр оршдог Панмунжом тосгонд уулзаж байв.
Энэ нь тэдний 2018 оны зургаадугаар сард Сингапурт, 2019 оны хоёрдугаар сард Ханойд уулзсаны дараах гурав дахь нүүр тулсан уулзалт байжээ.
“Намайг очихыг тэр мэдэж байгаа байх. Тийм биз? Хэрвээ та нар энэ талаар мэдээлбэл би нээлттэй. Интернэтээс өөр мэдээлэл өгөх арга зам байхгүй. Тэднийд утасны үйлчилгээ маш бага байдаг. Гэхдээ тэр намайг очихыг мэдэж байгаа. Би түүнтэй уулзахад 100 хувь бэлэн байна” гэж Трамп цааш нь хэлсэн юм.
АНУ-ын албаныхан одоогоор Трамп, Ким нарын уулзалт айлчлалын төлөвлөгөөнд байхгүй ч “юмс өөрчлөгдөж болно” гэж мэдээлжээ.
Трамп өмнө нь Умард Солонгосын удирдагчтай ямар ч урьдчилсан болзол нөхцөлгүйгээр уулзахад бэлэн байгаагаа илэрхийлж байсан юм.
Гэхдээ Пёняны дэглэм өөрийгөө цөмийн зэвсэгтэй улс болсныг хүлээн зөвшөөрүүлсний дараа Вашингтонтой яриа хэлэлцээ эхлүүлэх хүсэлтэй байгаа.
Энэ талаар сэтгүүлчид асуухад Трамп “Тэдэнд хэдэн зэвсэг байгаа талаар би бүгдийг мэднэ. Гэхдээ би Ким Жон Унтай маш сайн харилцаатай байдаг. Ямартай ч тэдэнд маш олон цөмийн зэвсэг байгаа гэдгийг би хэлж чадна” гэж хариулжээ.
Гэхдээ тэр Умард Солонгосыг “цөмийн зэвсэгтэй улс” гэж шууд тодорхойлохоос зайлсхийсэн юм.
Энэ нь түүний засаг захиргаа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах зорилттой байдагтай холбоотой бололтой.
Лхагва гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн, Пүрэв гарагт Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзах шахуу төлөвлөгөөтэй байгаа Трампын хувьд Ким Жон Унтай уулзах боломж маш бага гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!