Уншиж байна ...

Трампыг шинэ хориг арга хэмжээ зарласны дараа ОХУ-ын төлөөлөгч яриа хэлэлцээ эхлүүлэхээр АНУ-д хүрэлцэн очжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Украины дайныг зогсоох зорилгоор ерөнхийлөгч Дональд Трамп шинэ хориг арга хэмжээ зарласны маргааш ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан тусгай элч Кирилл Дмитриев яриа хэлэлцээ эхлүүлэхээр АНУ-д очжээ.

Тэрбээр өнөөдөр буюу Бямба гарагт Майами хотод Трампын тусгай элч Стив Виткофтой уулзахыг албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.

2022 оны хоёрдугаар сард Украины дайн эхэлснээс хойш Дмитриев хоёр дахь удаагаа АНУ-д айлчилж байгаа нь энэ ажээ.

Энэ оны дөрөвдүгээр сард АНУ-ын төрийн департамент түүнийг визийн хоригоос түр чөлөөлсний дараа Виткофтой уулзахаар Вашингтонд ирж байсан юм.

Трампын засаг захиргаа энэ долоо хоногт Оросын эрх баригчдын санхүүгийн гол эх үүсвэр болох газрын тосны Роснефть, Лукойл компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарласнаар хоёр улсын харилцаа хурцадсан юм.

Өнгөрсөн долоо хоногт Дмитриев хоёр улсын эв нэгдлийн бэлгэдэл болсон “Путин-Трампын Туннель” гэх далай доогуурх хонгилыг Аляск, Оросын хооронд байгуулах санаа дэвшүүлж байв.

Уг хонгилыг Илон Маскийн Boring Company найман жилийн дотор $8 тэрбумын өртгөөр байгуулах боломжтойг тэр баталж байжээ.

Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Санг удирддаг Дмитриев өчигдөр өөрийн зорчиж буй нисэх онгоцны дэлгэцийн зургийг сошиал хуудсандаа нийтэлсэн байна. Энэ нь түүний онгоц АНУ-ын Массачусетс мужийн нутаг дээгүүр Нью-Йорк хотыг чиглэн нисэж буйг харуулсан дижитал газрын зураг байсан юм.

 

Эх сурвалж: CNN